Үерийн гамшгийн хохирлын хэмжээ 20 орчим тэрбум төгрөгт хүрсэн гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-24 10:12:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 14-18-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн хохирлын хэмжээ өсөж байна. Аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятаар ахлуулсан хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 20 орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа аж.

Аймгийн Засаг дарга А.Гылымханы өгсөн мэдээллээр нийтдээ 929 айл үерт нэрвэгджээ. Үүнээс гэр нь бүрэн нурсан 110, гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээгээр хохирол амссан 266, бага хэмжээгээр хохирол амссан 399 айл байна.

Орон байргүй хүнд нөхцөлд байгаа 80 өрхөд улсын нөөцөөс олгосон таван ханатай гэр олгохоор ажлын хэсгүүд газар дээр нь ажиллаж, айлуудын жагсаалтыг аймгийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Мөн хашаа байшин нь сурсан иргэдэд шинэ суурьшлын газар олгох, гадаад дотоодоос хандив босгох ажлыг аймгийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн-Монгол, Адра-Монгол, Каритас-Монгол зэрэг дөрвөн байгууллагаас эхний ээлжид 280 сая төгрөгийн хандив босгожээ. Уг мөнгийг хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, гал зуухны багц болон бэлнээр дөрвөн багц хэлбэрээр 530 өрхөд олгох ажээ.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-д тусламж үзүүлэх тухай албан ёсоор хүсэлт тавьжээ. Ингэснээр донор орнуудаас хандив, тусламж ирэх үүд хаалга нээгдэж байгааг албаны хүмүүс онцоллоо.


Ө.Нурболат

 
 


相关新闻