Гамшгийн улмаас орон гэргүй болсон 80 өрхөд гэрийн түлхүүр гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс таван ханатай 80 гэр, сэргээн босголтын ажилд зориулж бохир, цэвэр ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, дугуйт ачигч олгохоор шийдвэрлэсэн юм.
Засгийн газрын дээрх хүмүүнлэгийн тусламжийн цуваа өчигдөр орой Өлгий хотод иржээ. УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар төрөөс олгосон дээрх 80 гэрийн түлхүүрийг орон гэр нь үерт автсан иргэдэд өнөөдөр гардууллаа.
Мөн шуурхай албаны фургон машин болон дугуйт ачигчийг аймгийн Онцгой байдлын газарт, цэвэр усны машиныг Өлгий сумын ЗДТГ-т, бохир усны машиныг “Суат” компанид тус тус хариуцуулж өглөө.
Дашрамд дурдахад, энэ сарын 14-18-ны өдрүүдэд буусан уулын үерт Өлгий сумын долоон багаас нийтдээ 929 айл, 4500 гаруй иргэн нэрвэгдэж, 300 орчим өрх орон гэргүй болоод байгаа юм.
Ө.Нурболат