Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэж үзэн Засгийн газарт чиглэл өгсөн юм.
Гадаад хэргийн сайдын тушаалаар хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, төслийг боловсруулжээ. Хөтөлбөрийн төсөлд гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх, үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн үйл ажиллагааг зорилт болгон тусгасан байна.
Хөтөлбөр болон арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, уг хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Журам шинэчлэн баталлаа
“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам”-ыг шинэчлэн баталлаа.
Улсын хэмжээнд 81 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 200 гаруй мэргэжлээр 42 мянга орчим суралцагч суралцаж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагуудын 49 нь төрийн өмчит, 32 нь төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага байна.
Засгийн газрын 2007 оны 294 дүгээр тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох журмыг баталсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд энэ журамд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт ороогүй байна.
Тэтгэлэг олгохдоо суралцагчийн хичээлийн ирцийг тооцохоор журамд тусгасан нь суралцах идэвх, чармайлтыг нэмэгдүүлэх, тэтгэлгийг суралцагчийн картанд шууд шилжүүлэн олгосноор сургалтын байгууллагууд тэтгэлэг авах суралцагчдын тоог бодит бусаар мэдээлэн санхүүжилт авахаас сэргийлж, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мэргэжлийн боловсролын 1 ба 2.5 жилийн, техникийн боловсролын 1.5 ба 3 жилийн сургалтад хамрагдаж байгаа 24 хүртлэх насны суралцагчдад тэтгэлэг олгохоор журамд тусгажээ. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд онолын болон дадлагын сургалтад 75 хувиас доошгүй ирцтэй оролцсон суралцагчдад тэтгэлэг олгох юм.
Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүллээ
Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталлаа. Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн гуанзны барилгыг Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албанд, Иргэний нисэхийн ерөнхий газрын балансад бүртгэлтэй “Жаргалант” сэргээн засал, сувиллын цогцолборын зарим байгууламж, дэд бүтцийг Онцгой байдлын ерөнхий газарт, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын барилгыг тус аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь албанд шилжүүлэхээр боллоо. “Жаргалант” сэргээн засал, сувиллын цогцолборын балансаас балансад шилжүүлээгүй үлдсэн хэсгийг дахин үнэлж, нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
Товч мэдээ:
- Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд БНХАУ-ын Жэнжоу хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдаанд ажиглагчаар оролцох үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
- Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд “Хууль зүйн дэд сайд” гэснийг “Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга” гэж өөрчиллөө.
- Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.