"Татварын өршөөлийн хууль"-ийн хугацаа дуусахад 23 хоног үлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-08 13:32:28

УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль буюу "Татварын өршөөлийн хууль" хэрэгжиж эхэлснээс хойш 3.5 их наяд төргөрийн хөрөнгө орлого ил болжээ. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн тайланг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. 

УИХ-аас энэ оны 8 дугаар сарын 7-нд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль буюу “Татварын өршөөлийн хууль”-ийг баталсан. Уг хуулийг хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил тод мэдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, хэрэв ил тод тайлагнавал захиргааны хариуцлага, татвараас чөлөөлөх зорилгоор баталсан юм. Нуун дарагдуулсан хөрөнгө орлогыг мэдүүлснээр далд эдийн засгийг ил болгоно гэж үзсэн. 

Хуулийг дагаж мөрдөх журмыг Засгийн газар 8 дугаар сарын 31-нд 348 дугаар тогтоолоор баталснаар хууль бүрэн төгс хэрэгжиж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд таниулах талаар олон шат дараатай арга хэмжээ авч, www.iltod.mta.mn цахим хуудас ажиллуулж, зөвлөгөө, мэдээлэл өгчээ. 
Хуулийг хэрэгжүүлэх явцын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн 861 тэрбум төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болж, 111.055.1 сая төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Харин Татварын ерөнхий газар илүү өргөн цар хүрээтэй ажиллаж иргэд, аж ахуйн нэгжээс 5785 тайлан хүлээн авснаас өчигдрийн байдлаар 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болжээ. Үүнд хөрөнгө орлогоос гадна, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл орж байгаа юм байна. 
“Татварын өршөөлийн хууль”-ийн үйлчлэх хугацаа энэ сарын 31-нд дуусах учир иргэд, аж ахуйн нэгжийн татварын байгууллагад хандах ачаалал эрс нэмэгдэж байгаа аж. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд 800 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлого мэдүүлсэн байна. Цаашдаа ч улам нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үлдсэн 21 хоногийн хугацаанд 5 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгаа аж. 
Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнө гаргасан зөрчил, нуун дарагдуулсан хөрөнгөө ил тод мэдүүлж, энэ нь 2015 оны 2,3,4 дүгээр улирлын тайланд өөрчлөлт оруулахаар бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулж, ямар нэг хариуцлага оногдуулахгүй байхыг холбогдох байгууллагуудад даалгахаар шийдвэрлэсэн байна. 
Мөн 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнөх нуун дарагдуулсан хөрөнгийг нотариатын баталгаажуулсан бичиг баримтаар бүртгэж авахыг УБЕГ-т үүрэг болгожээ. 
“Татварын өршөөлийн хууль”-д хамрах боломжийг ашиглан, хуулийн хугацаанд амжин хөрөнгө орлогоо ил тод мэдүүлэхийг иргэд аж ахуйн нэгжүүдэд сануулж байна. 
 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻