Сургуулийн өмнөх боловсролын багш нар шинэ арга зүйд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2018-08-20 14:40:35
Улаанбаатар/МОНЦАМЭ/ 2018-2019 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын салбар нь үйлчилгээнийхээ шинэ арга барилыг дэмжих замаар хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэднийг сургалтад тогтмол хамруулах зорилго тавьсан.

Энэ хүрээнд БСШУСЯ-наас “Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-Сургалтын арга зүй” сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Үүнд аймаг, нийслэлийн Боловсрол соёл урлагийн газрын Сургуулийн өмнөх боловсролын 200 мэргэжилтэн, арга зүйчид оролцож байгаа юм. Сургалтаар дамжуулан тус салбарын эрх зүйн шинэчлэл, холбогдох хуулийн заалт, нэмэлт өөрчлөлтөд оруулж буй хэсгийн танилцуулга, тодорхой судалгааны аргачлал, шалгуур үзүүлэлтэд суурилсан сургалтын аргыг цэцэрлэгийн багш нарт эзэмшүүлэх юм байна.

Сургалтыг БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа нээж хэлэхдээ,“Энэ үйл ажиллагаагаар дамжуулан цэцэрлэгийн багш нарт сургалтын шинэ арга барилыг эзэмшүүлэх зорилготой. Дурдвал, багш нар хүүхдийг маш сайн ажигласнаар хэрхэн өөрчлөгдөж буйг нь харж тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бол ганцаарчилсан сургалт явуулах, эцэг, эхтэй нь хамтарч ажиллан сургалтын чанараа илүү сайжруулах зэргээр олон улсын жишгээр ажиллах хэрэгтэй” гэв.
Тус сургалтад оролцсон мэргэжилтэн, арга зүйч нар хоёр өдрийн хугацаанд сургагч багшаар бэлтгэгдэж, орон нутагтаа эл арга зүйг түгээн дэлгэрүүлэх юм байна.

Ё.Ичинноров
相关新闻