ОХУ-ын хилээр нэвтэрч буцаж гараагүй 1066 тээврийн хэрэгслийн жагсаалтыг ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-06 11:48:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын гаалийн байгууллагаас тус улсын хилээр орж, буцаж гараагүй Монгол Улсын 1066 тээврийн хэрэгслийн жагсаалтыг Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт хүлээлгэн өгчээ.

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хяналт-шалгалт хариуцсан ахлах байцаагч М.Биржаны тайлбарласнаар, хоёр улсын гаалийн байгууллагууд энэ сарын нэгний өдөр уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр Оросын талаас дээрх мэдээллийг авсан байна.

Тэрбээр: "Олон улсын конвенцийн дагуу тухайн улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нэг жил хүртэлх хугацаагаар гадаад улсад байх боломжтой. Оросын Холбооны Улс болон Казахстан Улсын нутаг дэвсгэрт ороод, буцаж ирээгүй Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жагсаалтыг шинэчилж авсан. Тус жагсаалтад 2003-2017 оны хоорондох мэдээлэл багтсан байгаа" хэмээлээ.

Иймд иргэд Гаалийн байгууллагад хандан тухайн жагсаалтыг шүүлгэж, өөрсдийн нэр байгаа эсэхийг тодруулах, аль болох үлдээсэн тээврийн хэрэгслээ буцаах арга хэмжээ авах шаардлагатай гэнэ. Эс бөгөөс хил нэвтрэхдээ торгуулах, бичиг баримтандаа хар тамга даруулах, паспортаа шүүлгэх явцад хамт яваа бусад зорчигчдод чирэгдэл учруулах зэрэг хүндрэлүүд гарах аж.

Монгол Улсын гаалийн байгууллагаас холбогдох байгууллагуудын тодорхойлолтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж, дээрх иргэдийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг хасаж өгч байгаа ч энэ нь Оросын Холбооны Улсын талаас хүлээлгэх хариуцлагад хамаардаггүй байна.  

Ө.Нурболат

相关新闻