Футзалын охидын УАШТ амжилттай үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМХБХ-ноос зохион байгуулдаг футзалын шинэ улирлын хоёр дахь тэмцээн буюу охидын УАШТ энэ сарын 14-нд эхэлж амжилттай үргэлжилж байна.
Тэмцээн U-11, U-13, U-15, U-17, 18-аас дээш гэсэн нийт таван насны ангиллаар нийт 33 багийн тамирчин өрсөлдөж байгаа юм. Зарим насны ангилалд хагас шигшээд өрсөлдөх багийн нэрс тодорчээ.
Тодруулбал, хамгийн бага нас буюу 11 хүртэлх насанд дөрвөн баг оролцож тойргийн журмаар өрсөлдөж байна. Одоогоор “Монголын тэмүүлэл” клуб нэг хожиж, нэг тэнцсэнээр хэсгээ тэргүүлж байгаа бол “Сансар” клуб гурван оноотой удаалж байна.
Харин 13 хүртэлх насны ангилалд 6 баг оролцож хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас “Туулын том тулнууд” А хэсгийг тэргүүлж, “Хараацай” баг удаалан хагас шигшээд шалгаран үлдэв. Тэгвэл “B” хэсгээс Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Титэм Хужирт” баг зургаан оноотой хэсгээ тэргүүлэн гарч, хагас шигшээд “Хараацай” клубын тамирчидтай өрсөлдөхөөр болов. “Монголын тэмүүлэл”, “Туулын том тулнууд” багтай оноолт таарлаа.
Тэмцээний 15 хүртэлх насны ангилалд долоон багийн тамирчин оролцож байна. А хэсэгт “Титэм Хужирт” болон “Монголын тэмүүлэл” багийн охид тус бүр хоёр тоглохдоо алинд нь ч ялагдаагүй тул хэсгээс гарах нь нэгэнт тодорхой болсон. Одоо энэ 2 багийн халз тоглолтын үр дүн хэсгийн тэргүүлэгч багийг шийдвэрлэнэ. “Баянзүрх дүүрэг”, “Архангай” аймгийн багууд хасагдлаа. “Хоромхон” клубын охид 2 тоглож 3 оноотой бол “Туулын том тулнууд” ердөө нэг тоглож ижил 3 оноотой байна. Сүүлийн тоглолтоо тэд “UB United” багийн эсрэг хийнэ.
Харин 17 хүртэлх насны ангилалд 10 багийн охид өрсөлдөж байгаа. “А” хэсгийг одоогийн байдлаар “Хад” клубын тамирчид 6 оноотой тэргүүлсэн бол “Баянзүрх” баг 5 оноотой “Дэрэн” клубын охид 4 оноотой шил шилээ дарж байна.
Тэмцээний 18-аас дээш насны ангилалд 6 багийн эмэгтэй тамирчин хоёр хэсэгт хуваагдлаа. Одоогийн байдлаар хагас шигшээд оролцох цорын ганц эрхийг “Арвис” багийн тамирчид авсан бол бусад таван багийн хувьд тодорхой бус байна.
Д.Өлзий