Үндсэн хуулийн хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах зорилт биелэлээ олоход тусална
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн талаар МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.
-Энэхүү хуулийг шинэчлэн найруулах, өөрчлөх үндэслэл юу байв?
-МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталсан юм. Хууль баталснаас хойш 15 жил өнгөрсөн тул цаг үедээ нийцүүлэн шинэчлэн найруулах хэрэгтэй болсон. Нөгөө талаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо гишүүн орнууддаа Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн загвар хуулийг түгээж байгаа. Үүний дагуу Улаан загалмай үндэсний нийгэмлэгийн статусыг шинэчилж, төрдөө хүмүүнлэгийн салбарт нэмэлт хүч болж, туслах үүрэг хүлээж ажилладаг, үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг хуульчлан баталгаажуулах шаардлага үүссэн.
-Хуулийг шинэчлэн боловсруулахын тулд Ажлын хэсэг хэрхэн ажилласан бэ?
- Хуулийн төслийг боловсруулахад Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Ажлын хэсэг гурван удаа ирж зөвлөгөө өгсөн. Мөн хуулийн төслийн талаар МУЗН-ийн гишүүд дэмжигчдийн дунд хэд хэдэн удаа хэлэлцүүлэг явуулсны зэрэгцээ 2014 оны 2 дугаар сард болсон МУЗН-ийн Үндэсний чуулганд танилцуулж, төлөөлөгчдийн саналыг авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний Танхим”-д хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт МУЗН-ийн УИХ дахь “Парламентын нөхөд” бүлгийнхэн идэвхтэй оролцсон.
-Хуулийн гол өөрчлөлт юу байв?
-Нэн тэргүүнд МУЗН-ийн онцлогийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчимд нийцүүлэхийг чухалчилсан. Мөн МУЗН-ийн статусыг төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага болох тухай тодорхой заалаа. Мөн МУЗН хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө туслах чиг үүргийг тодотгож өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой юм.
-МУЗН төрөөс санхүүжилт авах уу?
-МУЗН нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллага. Бидэнд 6000 гаруй бэлтгэгдсэн Сайн дурын ажилтнууд бий. Тэдний нэг хэсэг нь гамшиг, нөгөө хэсэг нь эрүүл мэнд, анхны тусламжаар мэргэшсэн. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх талаар мэргэшсэн хүмүүс ч байдаг. Аливаа гамшиг осол тохиолдоход мэргэшсэн идэвхтнүүдээ богино хугацаанд цуглуулж, тусламж үзүүлэх бүрэн боломжтой юм. Тиймээс МУЗН төрдөө нэмэлт хүч болон ажиллахад тодорхой хэмжээний санхүүжилт авч байж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эзэндээ бодитоор хүрнэ.
-Хуулийн төсөл батлагдвал хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ямар ахиц өөрчлөлт гарна гэж харж байна вэ?
-Хуулийн төсөл батлагдвал МУЗН-ийг байгуулах болон хийж гүйцэтгэх үйл ажиллагааных нь онцлог тодорхой болно. Мөн олон улсын гэрээ, конвенцээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг биелүүлэх эрх зүйн орчин нөхцөл бүрдэх юм. Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газар, Үндэсний улаан загалмай нийгэмлэг хамтран ажилласнаар эх орондоо хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн үзэл санаа, зорилго биеллээ олоход тусална.
-“Парламентын нөхөд” бүлэгт УИХ-ын хэдэн гишүүн ажилладаг вэ?
-Төрийн түшээ хүн олон нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө ажиллахаар итгэл хүлээдэг. МУЗН ч мөн ялгаагүй ард иргэдийнхээ амар тайван, сайн сайхан амьдралын төлөө ажиллаж буй хүмүүнлэгийн байгууллага юм. МУЗН-ийн хуулийг шинэчлэх, сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжихэд төрийн түшээд идэвхтэй оролцож байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын явцад Улаан загалмайг дэмжих “Парламентын нөхөд” бүлэг бий боллоо. Одоогоор 19 гишүүн нэгдээд байна.
Ч.Ариунболд
Comments