Хятадын ДНБ энэ онд 6.7 хувиар өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-05 14:08:41

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2016 онд 6.7 хувиар өснө гэж тус улсын Математик, системийн шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан, Таамаглалын шинжлэх ухааны төвийн болон Шинжлэх ухааны академийн шинжээч Ян Цуйхун мэдэгджээ.

“Ойн болон хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын өсөлт 3.6 хувьтай байх бол аж үйлдвэрлэлийн салбарынх 5.3 хувь, үйлчилгээний салбар 8.6 хувийн өсөлттэй байна” гэж тэрбээр үзэж байгаа аж. Ян Цуйхуны хэлснээр, Хятадын ДНБ-ийг өсгөх гол хүчин зүйл нь дотоодын хэрэглээ болох бөгөөд түүний оруулах хувь нэмэр 4 хувь байх бол хөрөнгө оруулалтынх 2.6 хувь, цэвэр экспорт 0.1 хувь байх аж.

“2016 онд Хятадын эдийн засаг тогтвортой өснө. Үүний зэрэгцээ эдийн засгийн хөгжил жилийн эцэс гэхэд зарим талаар эрчимжих хандлага ажиглагдана. Оны эхний хагас жил ДНБ 6.5 хувиар, хоёрдугаар хагаст 6.8 хувиар өснө” гэж шинжээч хэлсэн байна.

Д.Жаргал

 

Related news