Үндсэн хуулийн Цэцийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-07 14:08:03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг сайжруулах, эрх зүйн байдлыг шинэчлэх зорилгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан юм. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх нь зөв гэж шинэ оны өмнөхөн шийдвэрлэсэн. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж,  Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Ганхуяг, Ж.Батзандан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Уг хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг тэтгэврийн насанд хүрсэн бол чөлөөлж байхаар тусгасан. Хэрэв энэ хууль батлагдвал тэтгэврийн наснаас хэтэрсэн Цэцийн гишүүд ажлаа өгөх болох юм. Харин үүнд зарим гишүүд эрс шүүмжлэлтэй байв. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цэцийн гишүүнийг бүрэн эрхийх нь зургаан жилийн хугацаанд улс төрийн зорилгоор өөрчилж болохгүй. Үндсэн хууль тогтвортой байхын тулд Цэцийн гишүүд нь тогтвортой байх ёстой” гэв. 

Харин хууль санаачлагчдын зүгээс “Үндсэн хуулийн Цэцийг улстөржүүлж болохгүй. Эрх зүйн хөгжлийг Монгол Улсад хөгжүүлэх шаардлага байгаа юм. Австри, Германы жишгээр хуулийг хөгжүүлэх ёстой. Хуульд олон улсын дэвшилтэд зүйлийг оруулж ирж байгаа. Тэтгэврийн насны хувьд ч бүх орнуудын тэтгэвэрт гарах жишгийг нэвтрүүлэхээр зорьж байгаа” гэх мэтээр хариулт өгч байсан юм. 

Ингээд санал хураалт явуулж дууссаны дараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

Н.Туяа

 

Related news