Платини нэрээ татлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-01-08 09:43:10

ПАРИС. /TASS/. Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ ерөнхийлөгч Мишель Платини Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ тэргүүний сонгуулиас нэрээ татлаа. Тэрбээр энэ тухайгаа “L'Équipe” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Платини болон ФИФА-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттерын хөл бөмбөгийн үйл ажиллагаанд оролцох эрхийг тус холбооны Ёс зүйн хороо 12 дугаар сарын 21-нд найман жилээр хассан билээ. Платини энэ шийдвэрийн талаар Лозанна дахь Спортын арбитрын шүүхэд гомдол мэдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

“Би нэрээ татаж байна. Надад сонгогчтойгоо уулзах болон бусад нэр дэвшигчтэй адил тэнцүү өрсөлдөх цаг зав, хөрөнгө мөнгө алга. Намайг авлигын хэрэгт буруутгасантай тэмцэхэд гол анхаарлаа хандуулахын тулд нэрээ татаж байна” гэж тэрбээр хэлээ.

Швейцарийн Прокурорын газар Платинигийн дансанд 2 сая швейцарь франкийг хууль бусаар шилжүүлсэн гэж үзэн өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлээр Блаттерт хэрэг үүсгэсэн билээ.

ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар сарын 26-нд болно. Энэ албан тушаалын төлөө Иорданийн хунтайж Али бин Аль-Хусейн, ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан, Францын иргэн Жером Шампань, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын сайд асан, Нельсон Манделагийн хамтран зүтгэгч Токио Сексвале, Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, шейх Салман бин Ибрагим аль-Халифа, УЕФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино нар өрсөлдөнө.

Д.Жаргал

Related news