Монгол Улсын зүүн гурван аймгийн төлөөлөгчид Зүүн Хатавч боомтын хөгжлийн форумд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 14:06:16

Энэ сарын 16-ны өдрөөс ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошуунд эхэлсэн  "Хятад- Монголын Экспо 2016- Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагааны хөгжлийн форум" амжилттай болж байна.

ӨМӨЗО-ны  Зүүнхатавч боомт нь Монгол Улстай  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг  Бичигт боомтоор хиллэдэг юм.  “Ази Европыг нэвтрүүлэн, хамтын хөгжлийг биелүүлнэ” гол сэдвийн дор болж буй энэхүү  форумд Монгол Улсын зүүн гурван аймаг болох  Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн төлөөлөгчид  оролцжээ.

ӨМӨЗО-ны Худалдааны  нийгэмлэг, Умардад нээлттэй байх алба, Ляо Нинь муж, Шилийнгол аймгийн  Засгийн газар хамтран зохион байгуулсан энэ удаагийн форум нь Хятад улсын  "Нэг бүс нэг зам" стратеги болон Монгол улсын "Талын зам" санаачилгатай  уялдуулах ажлыг урагшлуулж, Шилийнгол аймгийн "Хойд нутаг нээлттэй байх" зорилтын дагуу хэрэгжүүлж буй  чухал арга хэмжээ юм хэмээн Шилийнгол хотын дарга мэдэгджээ.

Гурван өдөр үргэлжлэх уг форумаар Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагааны хөгжлийн санамж бичиг болон Зүүн Хатавч Олон улсын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах бөгөөд  хоёр тал  хүмүүнлэг, боомтын эдийн засаг, соёл аялал жуулчлал, сургалт, эрүүл мэнд зэрэг  салбарт  хамтын ажиллагаагаа  өргөжүүлэх гэрээ хийх юм байна.

Бээжин хот.Д.Энхчимэг

Related news