Стаффан де Мистура Сирийн асуудлаарх хэлэлцээний явцыг АЗ-д тайлагнана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-02 09:57:56

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура Швейцарийн Женев хотод болж буй Сирийн мөргөлдөөнийг зохицуулах тухай хэлэлцээний явцыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ энэ сарын 24-нд тайлагнана. Энэ тухай НҮБ-д суугаа Венесуэл улсын байнгын төлөөлөгч Рафаэль Рамирес мэдээлжээ. Тэрбээр хоёрдугаар сард АЗ-ийг даргалж байгаа юм.

“Сирийн мөргөлдөөнийг зогсооход чиглэсэн, Женевт хийж байгаа хэлэлцээнүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг бид авна” гэж дипломатч хэлсэн байна. Тэрбээр хурал болох өдрийг өөрчилж магадгүйг үгүйсгээгүй боловч одоогийн байдлаар де Мистурагийн хаалттай хийх хурлыг хоёрдугаар сарын 24-нд товложээ. Рамиресийн хэлснээр, АЗ хоёрдугаар сард Сирийн асуудлаар нийтдээ гурван удаа хуралдахаар төлөвлөж байгаа аж. Де Мистурагийн оролцоотой хийх хурлаас гадна Сирид химийн зэвсэг хэрэглэж байгааг болон тус улсын хүмүүнлэгийн байдлыг хэлэлцэхээр хуралдана.

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид өнөөдөр буюу мягмар гарагт анх удаа де Мистуратай тус тусдаа нэг өдөр уулзах төлөвтэй байна. Сирийн талууд хоорондын хэлэлцээ албан ёсоор эхэлж байгааг өнөөдөр мэдэгджээ. Харин уг хэлэлцээнд Сирийн курдууд одоогоор оролцоогүй байна. Туркийн шахалтаар тэднийг хэлэлцээнд уриагүй аж.

Д.Жаргал

 

Related news