Эр голдуу аргаль хорогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 11:28:28

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Богд уул, Түвшинширээ сумын Дэлгэрхаан, Малгар, Сувираа, Их өвөлжөө зэрэг газраар Аргаль хонины өвөлжилтийн байдалд 1-р сарын 27-ны өдрөөс эхлэн 6 хоног ажиллаж, судалгаа хийжээ.

Аргаль хонины хувьд турж эцсэн шинж бага байсан ба хамгийн гол асуудал нь хэд хоногийн хүйтэнд маш их зутарч зарим эр голдуу угалз нь үхсэн байдалтай байжээ. Мөнххаан суманд 7 - 9 орчим насны 3 угалз, харин Түвшинширээ сумын нутагт 3 хом, 1 угалз нийт 2 сумын нутагт 7 тооны аргаль хорогдсон байна.

Дээрх хоёр сумын хэмжээнд БОАЖГазраас 2 тонн өвс, 0,1 тонн хужир шүүний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж газар дээр нь очиж тавьж өгчээ. Цаашдаа идэш тэжээлийн хомсдолд оруулахгүй байлгах үүднээс өвс тэжээлийг тухайн орон нутагт нь шийдвэрлэж ойр орчмынх нь айлын гадаа буулгаж байхыг  Байгаль хамгаалагч нарт хариуцуулсан байна.

Мөн Мөнххаан сумын Богд ууланд аргаль хонины хэвтэр дээр нь 200 кг өвс тарааж, 50 кг шүү тавьж өгөх ажлыг идэвхтэн байгаль хамгаалагч, Байгаль хамгаалагч, ЗДТГ-ынхантай хамтран зохион байгуулжээ.

Мөнххаан сумын хувьд Богд ууланд нийт 16 толгой аргаль хонь байгаа ба хүйтэн учраас уулнаасаа буухгүй мөн ууланд нь айлын үхэр хамт бэлчээрлэж байна. Түвшинширээ сумын нутагт аргаль хонины гол байршдаг мөн өвөлждөг газарт айл өрхүүд өвөлжөөгөө зассан тул хүн малын хөлөөс зайлж уулынхаа захыг барих төлөвтэй байгаа ажээ. Цаашдаа Малгарын уул, Сувираагийн бууц, Их өвөлжөө зэрэг газрыг улсын тусгай хамгаалалтанд авч айлын өвөлжөө хаваржааг нүүлгэн шилжүүлэхгүй бол тухайн бүс нутгийн аргаль хонинд сөргөөр нөлөөлж байгааг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн хэллээ.

Т. Одончимэг

 

Related news