Ч.Сэрчмаа: Амьдралын буруу хэв маягаас болж иргэд өвчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 22:57:45

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Ч.Сэрчмаатай уулзаж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар  товчхон ярилцлага авлаа.

- 2015 онд зарласан “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагаа бүтэн жилийн туршид тасралтгүй явагдсан. Ажлын бодит үр дүн юу байв?

-2015 оныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, 4 зорилтын хүрээнд 32 үйл ажиллагаа төлөвлөн, салбар дундын оролцоотойгоор 96.7 хувийн гүйцэтгэлтэйгээр амжилттай хэрэгжүүллээ.

Эрүүл мэндийг дэмжих жилд аймгийнхаа нийт иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг тогтоон, эмчлэн эрүүлжүүлэх, хүн амд зориулсан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны төрлийг нэмэгдүүлж, арга хэлбэрт өөрчлөлт гаргах, орчны хур хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах замаар эрүүл орчин бүрдүүлэх олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн.

Анхан шатны болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт нийт хүн амын 65.8 хувийг хамруулж, эрүүл мэндийн түвшинг тогтоон, 32057 өвчлөлийг илрүүлж, 40 хувийг эмчлэн эрүүлжүүлэн, ноцтой хүндрэлээс 28 хүний амь насыг аварсан.Эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулснаар БОЭТ-ийн амбулаторийн нийт үзлэг өмнөх онтой харьцуулахад 8.6 хувь, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн дуудлага 6.8 хувь, БОЭТ-ийн нийт түргэн тусламжийн дуудлага 20.4 хувь, алсын дуудлага 53.7 хувь, Улаанбаатар хотруу оношлогоо, эмчилгээ хийлгэхээр явагсдын тоо 7 хувиар тус тус буурсан байна.
Эрүүл мэндийн сургалт сурталчилгааны агуулга, арга хэлбэр, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч улс, орон нутгийн телевиз, FM радиотой гэрээ байгуулж, 30 гаруй сэдвийн хүрээнд нэвтрүүлэг, ТВ шторк83, цаг үеийн мэдээ 172 цаг явуулж, орон нутгийн сонин, сэтгүүлд цагийн үеийн мэдээ мэдээлэл 96, эрүүл мэндийн цуврал зөвлөгөө 216 удаа нийтлүүлж, олон нийтийг мэдээллээр хангасан.
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход зориулан эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг цаг тооны бичиг ширээний хуанлид нийтлүүлж, 63 төрлийн 108500 ширхэг гарын авлага, санамж хэвлүүлж түгээсэн.
Хүн ам, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сурталчилгааны ажлын хүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг салбар дундын оролцоотойгоор зохион байгуулж, эрүүл мэндийн сайн дурын идэвхитэн 460, үе тэнгийн сургагч багш 440 –ийг шинээр бэлтгэж, тэднээр дамжуулан амьдралын буруу хэвшлээс үүдсэн өвчлөлөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгааг явуулж байна.
Арвайхээр болон бүх сумын иргэд нутаг дэвсгэртээ орчны цэвэрлэгээ хийж, хур хог хаягдлыг зайлуулах, хог хаягдлын цэгээ цэгцлэн, цэвэрлэж, нөхөн сэргээлт хийж хөрсжүүлэх  ажлыг зохион байгуулсан.
Орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж байгууллага, нийт иргэдийн анхаарлыг эрүүл мэндийн асуудалд хандуулж, тэдний оролцоог нэмэгдүүлэн хамтран ажилласан зэрэг олон чухал ажлуудыг зохион байгууллаа.

-Хүн амын дунд ямар өвчлөл зонхилж байна? Уг өвчлөл юунаас шалтгаалж байна вэ?

-Урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан иргэдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судас, шээс бэлгийн зам, нүд, мэдрэлийн өвчлөлүүд зонхилж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд шүд цоорох эмгэг зонхилж байгаагийн улмаас улсын болон хувийн хэвшлийн шүдний эмч нартай хамтран 4701 хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүллээ. Иргэдийн дунд зонхилж байгаа өвчлөлд эрүүл мэндийн боловсрол дутмаг, амьдралын буруу хэв маяг, дадал хэвшил, хөдөлгөөний дутагдал, орчны бохирдол зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна.

-Цаашид өвчлөлийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Хүн амын дунд зонхилж буй өвчлөлийг бууруулах чиглэлээр орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж, архи тамхины хэрэглээг хязгаарлах, дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх, таргалалтаас урьдчилан сэргийлэх, зохистой хооллолтыг дэмжих зэрэг амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, ундны ус болон хүнсний чанар аюулгүй байдал, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөөд байна.

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд байгууллага бүр 6, айл өрх бүр заавал хэвшүүлэх 10 дадлын жагсаалтыг гаргаж, иргэдэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хэвшүүлэх ажлуудыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсэн. Эрүүл  амьдрах  дадлуудыг байгууллага, айл өрх, хувь хүн бүр хэвшүүлчихвэл иргэдийн эрүүл мэндийн асуудалд маш том алхам болох юм.

“Эзэн хичээвэл Заяа хичээнэ” гэдэг ардын зүйр үг байдаг даа.Та л хичээвэл таны эрүүл мэнд таны гарт байна, тэгэхээр таниас бүх зүйл шалтгаална гэдгийн онцгойлон хэлмээр байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news