В.Путин: Сирийн ажиллагаанд оролцож буй Оросын цэргийн үйл ажиллагааг өндөр үнэлэлт хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2016-02-22 16:44:56

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин “Эх орноо хамгаалагчдын өдрийг“ тохиолдуулан Кремльд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр үг хэллээ. Тэрээр Орос улсын цэргийн зэвсэгт хүчний  терроризмын эсрэг Сирид явуулж байгаа ажиллагаа хамгийн өндөр үнэлэлт хүлээж байна гэж мэдэгдэв.

Оросын удирдагчийн яриагаар,  тус улсын цэрэг, офицерууд өөрийн улсын ашиг сонирхлыг хамгаалж, хүнд нөхцөлд Сирийн засгийн газрын арми болон терроризмын эсрэг тэмцэгч бусад оролцогчдод алан хядагчдыг устгахад болон энгийн номхон ардын хүчирхийлэл, харийн булаан эзлэгчид, харгислалын эсрэг  тэмцэхэд нь тусалж байна.

“Одоо манай цэргийнхний ур чадвар  Сирийн цэргийн ажиллагаанд  улам боловсронгуй болж  байна. Манай эх орныг өөрийн дайснаар  шууд зарлаж байгаа тэдгээр террористуудтай дайтаж байна. Орос ба Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнуудын нутаг  дэвсгэрийг эзлэх асуудлаар өргөжүүлсэн  төлөвлөгөөгөө  нуухгүй байгаа алан хядагчдыг  манай цэргүүд  устгаж  буй юм” гэж  В.Путин хэлсэн.

Түүний хэлснээр, ОХУ-ын агаар-сансрын цэргийн хүчний нисгэгчид, нэгж нэгтгэлүүдийн тэнгисийн цэргүүд болон  цэргийн албан хаагчдын дайчин алба хамгийн өндөр үнэлгээ хүлээж байгаа аж. Оросын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ, ОХУ нь аливаа маргаантай асуудлыг улс төр-дипломатын арга замаар шийдвэрлэхийг эрхэмлэдэг гэж цохон тэмдэглэв.

Түүнчлэн  ерөнхийлөгч Путин  Оросын Армид цэргийн  шуурхай болон байлдааны бэлтгэлийн түвшин  өндөржиж байгаа тухай болон ,орчин үеийн холбоо ба удирдлагын  хэрэгслүүд нэвтэрч байгаа тухай онцлов. Нэгж нэгтгэлүүдийг орчин үеийн зэвсэг хэрэгсэл  болон цэргийн техникийн  нэн шинэ загваруудаар төлөвлөгөөний дагуу хангаж байгаа гэв. Орос улсын цэрэг- техникийн  аж үйлдвэр орчин үеийн зэвсгийн үйлдвэрлэлийн системийг байгуулж, үйлдвэрлэх зорилттой ажиллаж байна гэв. Ерөнхийлөгч Путин цугларсан олонд 2 дугаар сарын 23-ны баярт өдрийг тохиолдуулан дахин баяр хүргэв.

Москва хот.А.Огторгуймаа 

Related news