Устөрөгчийн түлшээр ажилладаг хамгийн анхны галт тэргээр зорчигчид тээвэрлэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-19 13:50:52

БЕРЛИН. /КАЗИНФОРМ/. Дэлхийн устөрөгчийн түлшээр ажилладаг хамгийн анхны галт тэрэг Германы хойд нутагт зорчигчид тээвэрлэж эхэлсэн байна. Энэ сарын 17-ны өдөр CoradiaiLint галт тэрэг Куксхафен-Букстехуде чиглэлд анхны тогтмол аяллаа хийлээ.


Уг галт тэрэг Доод Саксон мужийн Куксхафен, Бремерхафен, Бремерфёрде, Букстехуде гэсэн 4 хотын хооронд зорчигчид тээвэрлэх юм. Устөрөгчийн түлшээр ажилладаг анхны галт тэргийг замд үдэх ёслолд Доод Саксон мужийн Эдийн засаг, тээврийн сайд Бернд Альтхусман, Францын Alstom компанийн захирал Анри Пупар-Лафарг нар оролцсон байна.


Галт тэргийг Германы Зальцгиттер хотод Францын Alstom компани зохион бүтээж угсарчээ. CoradiaiLint нь цагт 140 км хурдлах ба нэг удаагийн түлш цэнэглэлтээр 1000 км зайг туулдаг аж. Устөрөгчийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслүүдийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь бага байдаг.


Шинэ галт тэргийг төмөр замын цахилгаанжуулаагүй хэсгүүдэд ашиглах аж. Доод Саксоны удирдлага цаашдаа дизель түлшээр ажилладаг мужийн бүх галт тэргийг устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэргээр солихоор төлөвлөж байна. Энэ зорилгоор мужийн төсвөөс 81 сая евро гаргажээ.

 

Related news