“Нүцгэн гар буу” киноны од нас нөгчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2016-03-01 10:56:10

ВАШИНГТОН. /TASS/. “Нүцгэн гар буу” кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон, “Оскар”-ын шагналт жүжигчин Жорж Кеннеди 91 насандаа Айдахо муж улс дахь гэртээ нас нөгчжээ.

Жорж Кеннеди “Нисэх онгоцны буудал”, “Нүцгэн гар буу” кинонд тоглосон байна. “Хүйтэн цуст Люк” кинонд бүтээсэн дүрээрээ тэрбээр шилдэг эрэгтэй туслах дүрийн төрөлд “Оскар” хүртжээ.

Кеннеди 1925 онд Нью-Йорк хотод төрсөн байна. Түүний эцэг Манхэттен хотын театрын төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч байсан бол эх нь бүжгэн жүжиг бүжиглэдэг байсан байна. Тэрбээр хоёр настайдаа аялал жуулчлалын компанид анхны тоглолтоо хийж, хоёр жил шоунд оролцож аялжээ. Харин дараа нь хүүхдийн радио-шоунд оролцох болсон байна.

Дунд сургуулиа төгссөний дараа Кеннеди армийн нисэх хүчний нисгэгч болохоор 1943 онд армид алба хаахаар оржээ. Тэрбээр явган цэргийн ангид хуваарилагдаж генерал Жорж Паттоны удирдлаган дор алба хаасан бөгөөд гавьяа зүтгэлээрээ бусдаасаа ялгарч, хоёр хүрэл од, цэргийн өөр дөрвөн шагналаар шагнуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа түүний зүүн хөл нь баруун хөлнөөсөө 7.5 см-ээр богинохон болсон байна.

Кеннедигийн эхнэр өнгөрсөн оны есдүгээр сард нас нөгчжээ.

Д.Жаргал

 

Related news