Их эзэн Чингис хааны удирдах арга барилын судалгааг хөгжүүлэх шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг угтан өнөөдөр “Алтан дээд үнэнийн аялгууны оньс” ТББ-аас Төрийн ордонд “Эзэн Чингис хааны эгрегор буюу нийтийн оюун санааг чиглүүлэхүй” хэлэлцүүлэг зохион байгуулав.
Монгол Улс төдийгүй дэлхий нийт Их эзэн Чингис хааны байлдан дагуулалтын талаар ихээхэн судалгаа хийсэн байдаг ч түүний иргэдээ удирдан чиглүүлэх арга ухаан болон нийтийн оюун санааг хэрхэн чиглүүлж байсан талаар хийсэн судалгаа хомс байдаг. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэг Их эзэн Чингис хааны төр барих арга, тэр дундаа ард түмнийхээ оюун санааг удирдан чиглүүлэх ухааны талаарх судалгааг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Ш.Бира, “Нэн тэргүүнд Чингис хааны түүхэн замналын тухай судалгааг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн тунхагласан. Гэтэл Их эзэн хааныхаа оюун ухааны хөгжил, улсаа удирдах арга барилыг дэлхий нийтэд бүрэн таниулах судалгаа, шинжилгээгээ хангалттай хийж чадаагүй байхдаа баяр болгон тэмдэглэж байгааг би төдийлөн дэмжихгүй байна. Бид аливаа үйл ажиллагааг судалгаа, шинжилгээнд л тулгуурлан явуулдаг байх ёстой. Цаашдаа төрөөс Чингис судлалыг хөгжүүлэх чиглэлээр их, дээд сургуулиуд болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудаа дэмжиж ажиллах нь зөв” хэмээв.
Академич Л.Дашням, “Сүүлийн үед Их эзэн Чингис хааны үзэл бодол, оюун
ухаан, арга барилын талаар судалгаа явуулах болсон. Өнгөрсөн хугацаанд Их эзэн
хааны нэрийг хэлэхийг ч хориглож байсан үе бий. Үүнтэй холбоотойгоор судалгаа,
мэдээлэл цуглуулах ажил төдийлөн хөгжөөгүй. Одооноос л судалгааны ажлыг
өрнүүлэх, хөгжүүлэх боломж бүрдэж эхэлж байна. Их эзэн хааны арга ухаан, ард
түмнээ удирдан чиглүүлэх чадварын талаар ярих эрт байгаа юм. Ерөнхийдөө бол аливаа
шийдвэр гаргахдаа эрдэм номтой хүмүүсийн үгийг сонсдог, эрдэм номыг дээдэлдэг
байсныг “Монголын нууц товчоо”-ноос эхлээд бусад олон түүхийн баримтаас харж
болно” гэлээ.