Бохир усыг 98 хувь цэвэрлэх байгууламж нийслэлийн баруун өмнөд хэсэгт ашиглалтанд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-06 18:03:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын Яармаг, Нисэхийн орон сууцны 160 мянга гаруй айл өрх, ААН-үүдийн бохир усыг цэвэрлэх байгууламжийг өнөөдөр ашиглалтанд орууллаа.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан усан хангамж, ариутгах татуургын энэхүү барилга байгууламж нь хоногт 20 мянган куб метр усыг цэвэрлэх хүчин чадалтай, мөн лагийг дахин боловсруулж, метан хийг гаргаж авах дэвшилтэт технологиор онцлог байна. Цэвэрлэх байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 33 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Турк улсын “Эйч эн Си” Туркийн компани гүйцэтгэжээ. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор оршин суугчдын эрүү мэндийн байдал сайжрах, усны чанарыг хамгаалахаас эхлээд давуу тал ихтэйг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан онцолж байлаа.


Хуучин ашиглаж байсан Нисэхийн цэвэрлэх байгууламжид хоногт 2500-2800 куб метр бохир усыг хүлээн авч байгаа нь байгууламжийн хүчин чадлаас хэтэрсэн, бохир усыг цэвэрлэж чадахгүй байдалд хүрээд байсан юм. Ашиглагч байгууллага болох Ус сувгийн удирдах газартай хамтран хуучин цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг бохирыг шинэ цэвэрлэх байгууламжид шилжүүлэн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Ус цэвэрлэх шинэ байгууламж нь шат дамжлагийн хувьд 11 төрлийн нийт 14 барилгаас бүрдэж, 7 давхар шүүлтүүртэй.

Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглах, мөн лагийг дулааны аргаар боловсруулж био хий гаргаж авах ба түүнийгээ цэвэрлэх байгууламжийн дотоодын дулааны хэрэгцээг хангах, боловсруулж усгүйжүүлсэн лагийг хөрс бордох, газар тариаланд хэрэглэх боломжтойг өнөөдөр танилцууллаа.


Лагийг бүрэн боловсруулсан тул ашиглахад эрүүл ахуйн хувьд аюулгүй юм гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэнэ. Дэлхийд инженерийн байгууламжаар өндөрт тооцогдох технологиор барьсан уг цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэснээр усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм. Мөн нийслэлийн баруун өмнөд хэсэгт хот төлөвлөлт, барилгажилт, бүтээн байгуулалтын ажил өргөжин шинэ суурьшлын бүс нэмэгдэх, хот тэлэх бололцоо нэгээр нэмэгдэж байна.

Байгууламжийн нээлтэнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр болон БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ахмед Яазал, “Эйч Эн Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Озтурк нар оролцлоо. 

 

 

 

Related news