СЗХ-ноос Даатгалын компаниудад шалагалт хийж олгоогүй нөхөн төлбөрөөс 100 саяыг нь гаргуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-07 10:17:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос мэдээлснээр энэ оны 3-р улиралд мянга гаруй байгууллагад шалгалт хийжээ.

Өнгөрсөн хугацаанд тус байгууллагад иргэдээс ирсэн санал гомдлын 40 гаруй хувийг Жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой гомдол эзэлж байна. Тодруулбал 24 иргэн, ААН-ийн 570 сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компаниудаас өгөөгүй гэсэн гомдол ирсэний дагуу СЗХ-ноос шалгаж, 11 иргэн, хуулийн этгээдийн 100 сая төгрөгийг даатгалын байгууллагаас гаргуулан олгож хохирлыг барагдуулсан талаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэн мэдэгдсэн юм.


Тэрээр даатгагч болон даатгуулагч иргэн, байгууллага, ААН-ийн зүгээс даатгалын байгууллагатай хийсэн гэрээний маргаан их гарах болсон талаар хэлж байв. Энд дээр дурдсан осол аваарийн тохиолдол гарсан үед даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байна гэсэн гомдол зонхилж байгааг хэлж байв.

Мөн ББСБ иргэдийн эрх ашгийг хөндөн хохироож байна гэсэн гомдол маргаан дийлэнх байгааг мэдээллээ. Энэ нь иргэд аливаа гэрээнд гарын үсэг зурахдаа хуулийн зүйл заалтыг төдийлөн сайн харж анхаардаггүй, гэрээ байгуулж буй компани, ББСБ-ын зүгээс иргэдийг гэрээнд гарын үсэг зурахад нь санхүүгийн үйлчилгээнийхээ журам, зээлийн хүү зэргийг урьдчилан сайн танилцуулж сануулдаггүйтэй холбоотойгоор дараа нь маргаан гарах шалтгаан болдгийг хэлж байлаа.

Өнгөрсөн хугацаанд даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байна. Үүнээс ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеээс 30.3 хувиар өссөн үзүүлэлт юм гэдгийг танилцуулав.


Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news