Засаг даргын асуудлыг хэлэлцэх боломжгүй байдал үүссэнээр НИТХ ээлжит бус хуралдааныг хаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдаас ирүүлсэн Нийслэлийн Засаг даргыг огцруулах тухай саналыг өнөөдөр хэлэлцэх тов бүхий хүлээлттэй байсан НИТХ-ын ээлжит бус V хуралдаан дээрх асуудлыг хэлэлцэлгүй өндөрлөв.
Учир нь өнгөрсөн
хугацаанд Засаг дарга С.Батболд өөрөө огцрох хүсэлтээ гаргааад байгаа юм. Мөн
Ерөнхий сайдын зүгээс түүнийг огцруулах саналаа буцаан татаад байна. Энэ мэтээр
шинээр үүссэн нөхцөл байдал нь НИТХ-ыг дээрх асуудлыг хэлэлцэх хууль эрхзүйн
боломжгүй болгож, энэ үүднээс Улаанбаатар хотын захирагчийн асуудлыг хэлэлцэх НИТХ-ын
ээлжит бус V хуралдааныг хааж
байгааг НИТХ-ын дарга С.Амарсайхан мэдэгдэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны (Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө) дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан албан бичгээ НИТХ-д ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдрийн хуралдааны эхэнд танилцуулсан юм.
Үүнтэй холбогдуулан ганцхан
хүн саналаа хэлсэн нь НИТХ дахь АН-ын төлөөлөгч Э.Бат-Үүл байсан бөгөөд, тэрээр,
“Манай намын бүлэг завсарлага авах хооронд онцгой нөхцөл байдал үүсэх нь үүслээ.
Энэ хугацаанд НИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж болно. Мөн Ерөнхий сайдын
зүгээс НИТХ-ыг сорьж үзэв. Хууль номоороо төрийн удирдлага, орон нутгийн өөрөө
удирдах зарчим хосолж уялдаж явах учиртай. Засгийн газар энэ мэт асуудлыг дур
мэдэн шийдэх ёсгүй.
Хотын Засаг даргыг бичгээр огцруулах асуудал байхгүй” гэсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг
огцруулах саналыг ирүүлсний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны
өдөр хуралдуулсан. Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага
авснаар арванхоёрдугаар сарын 4-н хүртэл хойшлуулаад байсан билээ.
НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хааснаар НИТХ-ын ээлжит ХХ хуралдаан эхэлж, Нийслэлийн
2019 оны төсөв, газар зохион байгуулалт, өмчийн хувьчлалын төсөл, концессын
зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах талаар II хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news

