Буриадын ерөнхийлөгчийн тэмцээнд 25 бөх хүч сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-10 09:38:10

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн 21 дэх удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотноо энэ сарын 14-15-нд болно.

Буриад улсын Биеийн тамир, спортын агентлаг, Буриадын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээн түрүүлсэн бөх бүрийг 90 мянган рублиэр урамшуулна.  Энэ удаагийн тэмцээнд гадаадын 11 орон, ОХУ-ын бүрэлдэхүүний 8 бүгд найрамдах улс, хязгаар, мужийн бөхчүүд өрсөлдөнө. Тэдний дотор олимпийн хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Билял Махов, дэлхийн аварга Абдусалам Гадисов , Европын аварга Александр Богомоев нар байна.

Харин манай улсаас гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Н.Ням-Очир, П.Өнөрбат, ОУХМ С.Батболд, Б.Батзориг, Б.Батмагнай, Д.Гомбодорж, Н.Золбоо, Г.Идэрхүү, Н.Лхамгармаа, Б.Нэмэхбаяр, П.Өсөхбаатар, Т.Лувсандорж, Д.Цогтбаатар, Ж.Чулуунбат нарын 25 бөх хүч, ур чадвараа сорино. Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Д.Бумбаяр, дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, шүүгчээр олон улсын шүүгч С.Ганзориг, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч Ж.Баатар нар хойд хөршийг зорьж байна.

Өнгөрсөн жил Д.Цогтбаатар, Ж.Чулуунбат хоёр тус тэмцээний алтан медалийн эзэд болж байв.

Д.Өлзий

Related news