Концертмейструудын нэгдсэн тоглолт анх удаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-22 11:14:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үе үеийн концертмейструудын хамтарсан “Piano Forte” тоглолт энэ сарын 27-ны 17.00 цагаас  болно. “Piano Forte” тоглолтод Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн, Б.Солонго, Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг,  Ц.Мягмарсүрэн, О.Сарантуяа болон Б.Ундрам, Э.Намуун, С.Номин,  оюутан Ү.Уртнасан нар оролцох юм. 

Гоцлол дуучдаас Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, Р.Доржхорол, Соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа, Ш.Наранчимэг, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, Э.Бумхүү, Л.Болдцэрэн, Э.Отгонбат нар дуулах бол балетын гоцлооч Гавьяат жүжигчин Г.Цолмон, Х.Өлзий-Орших, морин хийлч Д.Амармэнд, флейт хөгжимчин Т.Оргилцэцэг, "Морин хуур" чуулгын морин хуурч Н.Жижигдорж нар энэхүү тоглолтод оролцоно.

Концертмейструудын түүхийг сөхвөл, “Бөмбөгөр ногоон театр”-ын үе буюу 1944 оноос Ида Павловна Бадавжав анхны концертмейстрээр ажиллаж байжээ.1950 оноос эхлэн ЗХУ-ын эрдэмтэн багш нар уригдан ирж ажиллаж байгаад 1970-аад оноос Н.Жамсран, Шагдарсүрэн, Ж.Пүрэвдаваа, З.Эрдэнэбилэг, 1976 оноос эхлэн Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн, Соёлын тэргүүний ажилтан О.Сарантуяа, 1990 оноос өнөөдрийг хүртэл Гавьяат жүжигчин Б.Солонго, Ц.Мягмарсүрэн, Д.Маралгуа, Б.Ундрам, Б.Алуунгоо, Э.Намуун, С.Номин, Ү.Уртнасан балетын концертмейстер Т.Гэрэлцэцэг, Мөнгөнчимэг, Б.Оюунгэрэл, Б.Энхтунгалаг нар ажиллаж байна.

Концертмейструуд нь дуурь бүжгийн театрын арын албаны гол хүн бөгөөд дуурийн симфони оркестрын бүхий л бэлтгэлийг хангаж, удирдаач, найруулагч нарт туслахаас гадна, гоцлол дуучин болоод найрал дуучдын ч бэлтгэлийг хангагч нар байдаг юм. Тиймээс концертмейстр нь хамгийн шилэгдмэл хөгжимчин, хамгийн шилдэг хөгжмийн боловсролтон байдаг онцлогтой.

Related news