МУГЖ Д.Алтанхуяг: Монголын үндэсний балетын сургуулиа дэлхийн тавцанд хүргэхийн төлөө ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2019-06-18 11:09:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нью-Йоркт ажиллаж амьдарч буй балетчин, МУГЖ, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуягийг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулж яваа тэрбээр УДБЭТ-ын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин болоод буй билээ.


-Та хэзээ эх орондоо ирэв. Энэ хугацаанд ямар ажил хийв?


-Энэ сарын 2-нд эх орондоо ирлээ. Тэр өдөр манай Монголын үндэсний балет сургуулийн дөрвөн жилийн ойн өдөр тохиосон. Ойн өдрөөр төгсөлтөө хийж “Хаврын баяр” тоглолт зохион байгууллаа. Тоглолтод манай сургуульд суралцдаг 200-аад хүүхэд оролцож бүтэн жилийн турш сурсан, мэдсэн зүйлсээ танилцууллаа. Хэдийгээр бүгд мэргэжлийн балетчин болохгүй ч  тайзан дээр гарч эцэг эх цаашлаад үзэгчдэд үзүүлэх хэмжээний тоглолтыг Хүүхдийн ордонд зохион байгууллаа.


-Хэдхэн хоногийн өмнө “Монголын үндэсний балетын III уралдаан” болсон. Энэ удаагийн уралдааны онцлог юу вэ?


-Үндэсний балетын тэмцээнийг анх зохион байгуулж байхад 100 гаруй хүүхэд оролцож байв.Тухайн үед балетын тэмцээн ямар байдаг, ямар байх ёстой талаар хүмүүс маш бага ойлголттой байлаа. Гэтэл гуравдахь удаагийн тэмцээнд маань хүүхдүүд маш хариуцлагатай, эртнээс сайн бэлтгэж оролцлоо. Багш нар нь ч урамшиж, тэмцээнд орсон хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ур чадвар нь ахисан нь харагдлаа. Энэ удаагийн уралдаанд нийт 190 хүүхэд оролцсон.  


-Балетын урлаг хүүхдэд ямар хүмүүжил олгодог вэ?


-Урлагийн хүүхдэд өгдөг хүмүүжлийг тоочиж баршгүй юм. Урлагаар явсан хүмүүс аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, хайрцаглагдахгүй чөлөөтэй сэтгэж сурдаг. Учир нь, хүүхдийн сэтгэхүйг багаас нь өөрөөр нь хөгжүүлж, би чадна гэсэн том итгэл суулган алдаа онооноосоо байнга суралцах, болох болохгүйг өөрөө мэдэрч ойлгуулдаг юм бол урлаг юм. Заавал чи бүжиглэх ёстой гээд хүчилбэл хэн ч сурна, сайн болж болно. Гэхдээ тэр хүүхэд дургүй бол хэчнээн сайн байгаад яах билээ. Тэгэхээр хүүхдийг өөрөөр нь байлгах хэрэгтэй. Үнэхээр дуртай бол багштай багшгүй, эцэг эхийн шахалттай шахалтгүй түүндээ дурлаад явна. Балетаар хичээллэснээр, биеэ авч явахаас эхлээд хэлж ярьж байгаа нь хүртэл өөрчлөгддөг. Урлагийн өгөөж их шүү дээ.


-Та Монгол Улсаа сонгодог урлагаар дамжуулан дэлхийд сурталчлахаар Олон улсын балетын анхдугаар уралдаан зохион байгуулсан. Хоёрдугаар уралдаан хэзээ болох вэ?


-Олон улсын балетын тэмцээн Монголд анх удаа болсон нь асар том өөрчлөлт байлаа. Гадаадад тэмцээнд оролцоход бэрхшээлтэй их тулгардаг. Гэтэл, эх орондоо олон улсын балетын тэмцээн зохиогоод түүнд оролцоно гэдэг нь олон талаараа давуу талтай байлаа. Дараагийн тэмцээнээ бид 2020 оны 6 дугаар сард хийхээр төлөвлөсөн. Тэмцээндээ одооноос бэлтгэж байна. Саяхан балетын зөвлөл анхны уулзалтаа хийлээ. Сонгодог урлагийн салбарт хүчээ үзэж байгаа бүх хүн санал бодлоо солилцон, нэг санаагаар нэгдэж, урлагаар дамжуулан Монголын нүүр царайг олон улсын тавцанд хэрхэн гаргах, энэ урлагийг олон нийтэд сурталчлах зэрэг асуудлыг хэлэлцсэн.  


-“Монголын үндэсний балет сургууль”-иа цаашид өргөжүүлэх талаар ямар бодолтой явдаг вэ?


-Сайхан тав тухтай айлд хүмүүс зочлохыг хүсдэгтэй адил сонгодог урлагт дурласан хүн бүрийн очихыг хүсдэг сургууль болгоно. Дэлхийн хүүхдүүд ирээд сурдаг, дэлхийн тавцанд хүрсэн сургууль болгохын төлөө ажиллана. Балетыг хуучин дээдсийн урлаг гэдэг байсан бол, орчин үед хүн бүхэнд зориулсан, бүх хүн сурах бололцоотой урлаг болсон. Тиймээс манай сургуульд 2-7 насны хүүхдийн хөтөлбөрөөс эхлээд насанд хүрэгчдийн анги ч бий. Нас бүрт нь элсэлт авдаг. Жишээ нь, дөрвөн настай хүүхэд тухайн насны ангидаа л орно. Найман наснаас эхлээд балетын суурийг эзэмшүүлж эхэлдэг. “Хэцүү” гэгддэг сонгодог урлагийн хэцүүг нь мэдэгдүүлэхгүйгээр сургах нь чухал байдаг. Тиймээс бид яг насанд нь таарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг.


-Хүн бүр хичээллэж болно гэсэн үг үү?


-Сурахад оройтохгүй. Бүжиг хүнд баяр баяслыг төрүүлж байдаг. Хөгшин хүн яагаад сурч болохгүй гэж. Тэр хүнийг эргэн тойрныхон нь ч хараад баярлана биз дээ. Эргэн тойронд үргэлж баяр баясалтай байвал нийгэм дагаад сайхан болно. Аав ээж нь, хүүхдүүд нь урлагаар хичээллээд явбал гэр бүлийн уур амьсгалд ч сайн нөлөөтэй байдаг. Тэгэхээр балет бол бүх хүнд зориулсан урлаг.


-Балетаар эрэгтэй хүүхдүүд хэр өсөж байна вэ?


-Эр хүнд ч гэсэн гоо сайхан бий. Хүү, охинтой бол хоёуланг нь яагаад балетаар хичээллүүлж болохгүй гэж. Балетаар хичээллэлээ гээд заавал балетчин болох албагүй. Эрэгтэй хүүхдийн хувьд, хайртай охиндоо хайраа "чимхэж" илэрхийлдэггүй л болно. Эмэгтэй хүний өөдөөс инээмсэглэж чаддаг, “Баярлалаа”, “Уучлаарай” гэж хэлж сурна. Өөрийгөө зөв илэрхийлнэ. Зөв хүмүүжил олгоно. Тиймээс эрэгтэй тусмаа хичээллүүлэх хэрэгтэй. Хүүхдийг урлагт ойр, мэдрэмжтэй болгож өсгөх нь чухал.


-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.


-За баярлалаа.


М.Батчимэг

Гэрэл зургийг Н.Батбаяр


Related news