Цөсний хүүдийг дурангаар авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 17:24:43

Аймгийн БОЭТ-д “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангаас 2,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хэвлийн дурангийн мэс заслын багажийг шинэчиллээ.

Ингэснээр цөсний хүүдийг дурангаар авах мэс заслыг орон нутагтаа хийх боломжтой болж байгаа юм. Өвөрхангай аймгийн хэмжээнд жилд 300 орчим хүн цөсний хагалгаанд ордог бөгөөд дурангийн мэс заслын багаж муудаж элэгдэлд орсны улмаас цөсийг хэвлийгээр авах мэс ажилбар хийгддэг байжээ. Хэвлийн мэс засалд орсон хүн олон хоногоор хэвтэх, хөдөлмөрийн чадавх алдах, сорви үлдэж гоо сайханд сөргөөр нөлөөлөх зэрэг бэрхшээл үүсгэдэг аж. Харин дурангийн хагалгаа нь  өвчтөнд зовиур үүсгэхгүй, шарх сорви үлддэггүй гээд олон давуу талтай бөгөөд аймгийн БОЭТ уг хагалгааг 150 мянган төгрөгөөр хийх гэнэ. 

Монгол Улсын Тэргүүн хатагтайн удирддаг “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан нь  аймгийн БОЭТ-д олон удаагийн санхүүжилт, дэмжлэгийг олгож байсан ба өнгөрсөн хавар 20 сая төгрөгийн санхүүжилтээр 16 нэр төрлийн нэн шаардлагатай орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тохижуулсан “Хавдар хөнгөвчлөх тасаг”-ийг шинээр нээж байсан юм. 

Б.Батчимэг

Related news
Comments