Хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах санамж бичгийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-07-01 11:43:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин  хошуу, Шилийн гол аймагт албан ёсны айлчлал хийгээд ирлээ. 10 жилийн дараа хийж буй уг айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааг нийгмийн бүх салбарт шинэ түвшинд гаргах талаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтад Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж. Эрдэнэбаатар, ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал, Засаг даргын зөвлөх О.Даваасамбуу, аймгийн ИТХ-ын төлөөлөгч ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Ганзориг, Ж.Цээсүрэн нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Шилийн гол аймгийн намын хорооны дарга Лө Хү Зай, Захиргааны газрын дарга Хө Жяо Лян тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.



Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, Өнгөрсөн хугацаанд Зүүн үзэмчин хошуу болон Шилийн гол аймгийн зүгээс үзүүлсэн бүтээн байгуулалт, буцалтгүй тусламж дэмжлэгт  гүн талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон манай аймагт зохион байгуулах БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол, Туньляо, Улаанхад, Монгол Улсын Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг хоорондын зургаан талт хамтын ажиллагааны тавдугаар уулзалтын өмнө болж буйгаараа онцлог юм. Сүхбаатар аймаг нь газар зүйн байршлаараа Монгол Улсыг далайн боомттой холбоход “Бичигт” болон Шилийн гол аймгийн Зүүн хатавч,  Ляонин мужийн Жинжөү боомтуудаар дамжуулан БНХАУ-ыг ОХУ-тай холбох хамгийн дөт авто болон төмөр замыг нээх боломжтой бүс нутаг гэдгийг тодотгов.

Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын зүүн бүсийн гурван аймгийн хувьд БНХАУ-тай харилцах, хамтран ажиллах гол үүд хаалга, томоохон гарцын нэг бол байнгын ажиллагаатай олон улсын “Бичигт-Зүүн хатавч” боомт юм. Одоогоор тус боомтоор БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-аас газрын тос мөн бусад уурхайгаас хүрэн нүүрс экспортолж байна. 2019 онд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт Бичигтийн боомтоос 200 км зайд орших нутаг дэвсгэрт 875 сая тн-ын баталгаат нөөцтэй хүрэн нүүрсний шинэ орд нээгдэж байна. Тус уурхай нь танай улсын стандартын шаардлагад нийцсэн, жилдээ 30 сая тонн нүүрсийг Бичигт-Зүүн хатавчийн боомтоор экспорлохоор зорилт тавин ажиллаж байна. Иймд Монгол Улсын зүүн бүсийн 3 аймаг цаашлаад Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх Бичигт боомтыг нүүлгэн шилжүүлэлт, Бичигт –Хөөт чиглэлийн төмөр зам, Хөөтийн аж үйлдвэрийн парк,  Бичигт- Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто зам, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох хүнд даац, тусгай зориулалтын авто зам, Тамсаг-Бичигт чиглэлийн авто замын асуудал зэрэг томоохон хэд хэдэн төслүүдийг эхлүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тавигдаж байна. Түүнчлэн Бичигт-Зүүн хатавчийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа бараа эргэлтийг сайжруулах чухал хэрэгцээ шаардлага байгааг тэрээр онцлов.

Харин Шилийн гол аймгийн захиргааны дарга Хө Жяо Лян хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай хэдий ч урт удаан хугацаа өнгөрөөд байсан албан ёсны айлчлалыг дахин сэргээж, Сүхбаатар аймгаас том ажлын хэсэг зорин ирж байгаад тусгайлан талархаж хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ, уг уулзалт нь хоёр аймгийн харилцааг илүү дээшлүүлж, олон салбарын хамтын ажиллагааг сайжруулах өндөр ач холбогдолтой. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуу тэр дундаа Шилийн гол аймаг цаашид Сүхбаатар аймагтай байнгын найрсаг харилцаатай байж, Шилийн гол аймгийн зүгээс Сүхбаатар аймгийн ард иргэдийн сайн сайхны төлөө бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Сүхбаатар болон Шилийн гол аймаг нь хэл, соёл, ёс заншлаараа ижил, өнө эртний найрсаг харилцаатайгаас улбаалан бие биенээсээ харилцан суралцах зүйл их бий. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлөөс үүдэн малын бэлчээр, хадланд сөргөөр нөлөөлж буй тул бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх салбарт туршлага судалж хамтран ажиллах, хил орчмын аялал жуулчлалыг хоёр улсын хууль тогтоомжийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын Зүүн бүсийн гурван аймаг дамнасан аялал жуулчлалын хамтарсан маршрутыг бий болгох шаардлага бий. Үүнийг ч талууд хүлээн зөвшөөрч, санамж бичигт тодорхой заалтуудыг тусгасан юм. Өөрөөр хэлбэл хоёр аймаг боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, эдийн засаг, аялал жуулчлал, ХАА, хил орчмын гэмт хэргийг бууруулах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.

 

 

 

                                      

 

 

 

Related news