Хятадын анхны “Аялал жуулчлалын хурдны галт тэрэг” аялалдаа гарлаа

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-12-17 15:07:03

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Сичуань мужийн төв Чөндү хотоос Гүйжоу мужийн төв Гүйян хот хүртэлх хурдны галт тэрэгний замыг өчигдөр албан ёсоор ашиглалтад оруулж, C6008 дугаартай галт тэрэг анхны аяллаа хийлээ.

Энэхүү маршрутын зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтыг хийж дуустал 10 жилийн хугацаа шаардсан бөгөөд нийтдээ 650 км урттай юм. Тус зам ашиглалтад орсноор Сичуань мужийн өмнөд бүс нутаг хурдны галт тэргийн сүлжээнд холбогдож байгаагаараа онцлогтой.  

Мөн 2016 оны 7 дугаар сард Хятадын Засгийн газраас дэвшүүлсэн “Дунд, урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөө”-нд тусгасан “найман босоо, найман хэвтээ” хурдны галт тэрэгний маршрутын хамгийн баруун талын томоохон шугам болж байгаа юм.

Түүнчлэн Хятадын баруун хойд болон баруун урд бүс нутгийг өмнөд болон зүүн бүс нутгуудтай төмөр замаар холбох гол шугам болж, бүс нутгуудын уялдаа холбоог сайжруулах, баруун өмнөд нутгийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, тус бүс нутгийн аялал жуулчлал, соёл, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх чухал ач холбогдолтой ажээ.

Чөндү-Гүйян маршрут нь Сичуань, Юньнань, Гүйжоу гэсэн гурван мужийн 5А зэрэглэлийн аялал жуулчлалын 26 бүс, 4А зэрэглэлийн аялал жуулчлалын 386 бүсийг дайран өнгөрч байгаа нь аялал жуулчлалын салбарт онцгой ач холбогдолтой бөгөөд Хятадын анхны аялал жуулчлалын хурдны галт тэргийн маршрут хэмээн нэрийдэхэд хүргэж байна.

Хурдны галт тэрэг ашиглалтад орсонтой холбогдуулан уг маршрутын дагуух олон тооны аялал жуулчлалын бүс тодорхой хугацаанд аялагчдад үнэгүй үйлчилж эхлээд байна.   

Related news