М.Мөнгөнцэцэг: Хүннү биелгээ дэлхийд гарах бүрэн боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2020-01-15 09:43:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүжиг дэглээч, судлаач, “Натур данс продакшн”-ыг үүсгэн байгуулагч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш М.Мөнгөнцэцэгтэй бий биелгээний үүсэл, онцлог, хөгжлийн талаар ярилцлаа.
Тэрээр “Биелж буй хүний бие нь бүжиж, дотоод сэтгэл нь дуулж байдаг" гэсэн багшийнхаа үгээр энэхүү бүжгийн урлагийн гайхамшгийг тодотгоод, эрүүл мэндийн асар олон ач холбогдолтой тул агаарын бохирдол ихтэй хотынхон бий биелгээг сураасай хэмээн уриалж байв.


-Түүхийн асуудлаар яриагаа эхэлмээр байна. Ер нь яг хэдий үеэс бий биелгээ үүссэн гэж үздэг юм бэ?

-Урлаг судлаач, эрдэмтэн мэргэдийн өөр өөр тайлбар бий. Энэ нутагт хүн бий болсноос хойш төрт улсуудын үүссэн үеэс эхлэлтэй гэж үздэг. Хүннү, Сяньби, Жужаны үеийн төрт гүрэн улсын үеэс бий биелгээ үүссэн гэж хэлж болно. Тухайн үед бий биелгээ гэж ярихаасаа илүү бүжиг талаас нь ярьдаг байсан. Саяхан “Сэргэлэн интернэйшнл экспедэйшн”-ийн танилцуулсан Махмуд ал Кашкарийн 1077 онд зохиосон толь бичигт бүзи гэж үг бий. Хүн хэллэгт ж, з, ц, ч үсэг адил дуудагддаг. Харин з, ж үсэг нэг болж бүжи, нэр үг үүсгэх "г" нэмэгдэж бүжиг болсон. Тиймээс бид бүжиг гэдэг үгийг сүүлийн 1000 гаруй жилд хэрэглэсэн гэдэг нь тодорхой болж байна.

Бүжиг гэдэг нэр үг эртний монгол үг юм билээ. Бий гэдэг нь буй, байгаа, байсан гэсэн утгатай. Биелгээ гэж хэлэхийн өмнө биелэг гэж ярьдаг байв. Энэ бол аман үг буюу нутгийн аялга. Биелэг бол ургамлын нэр юм билээ. Бийлэг гэдэг бол нутгийн хэллэг, монгол үгэнд байхгүй. Биелгээ гэдэг бол монгол үг. Биелгээг Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д бий биелгээ гэсэн нэгдсэн нэр томьёонд оруулсан. Өөрөөр хэлбэл, бие маань хөдлөөд “бийгээн биелээд биеэн зайлъя” гэсэн утгатай. Баруун монголчууд бийгаан биелье, бийгээн биелье, бийлэг гэж ярьдаг.

-Бий биелгээ олон янз байдаг уу. Ер нь ямар байдлаар уламжлагдаж ирэв?

-Монголчууд бий биелгээг баруун монголчуудынх гэж ойлгодог. Энэ бол үнэн хэрэгтээ хамаг монголчуудын бүжиг юм. Тухайлбал, буриадууд хатирах, баруун монголчууд биелэх, төв халхад бүжиглэх, өвөрмонголчууд савардах, халимагууд хатирах, биелэх, якутууд дэвхцэх, үсрэх гэж ярьдаг. Эдгээр нь нэгэн оргилд уулзахдаа бүжиг гэсэн утгатай юм. Нутаг нутагт өөр өөрөөр хэлдэг бий биелгээний төрөл олон. Бүх нутагт мөргөл биелгээ түгээмэл. Мөн цацал биелгээ, үндсэн намба хөдөлгөөнтэй биелгээ бол тухайн угсаатнуудын онцлогт тохирсон байдаг. Тухайлбал, баяд, захчин биелгээн дээр биелдэг элхэндэг өөр. Утга санаа нь адил боловч биелгээний хөдөлгөөн нь өөр. Хотон биелгээн дээр биелдэг аяс биелгээ, торгуудын эрээн хавирга зэрэг биелгээний ерөнхий нэр томьёо нь үндсэн намба гэсэн нэг төрөл бий. Үүнтэй адил бүх үндэстэн угсаатанд өөр өөрийн гэсэн жороо биелгээ бий. Энэ бол морины явдлыг харуулсан биелгээ юм.

-Биелгээ ер нь ямар онцлогтой бүжиг вэ?

-Бид морины явдлыг хөлөөрөө дэвхцэж, цовхчин, харайж, хатирч бүрэн илэрхийлэх боломжгүй. Харин мөрөөрөө, дал хавиргаараа морины явдлыг илэрхийлэх хөдөлгөөн хийдэг нь биелгээний онцлог юм. Хойд америк, ирландууд хөлөөрөө товшилттой бүжиг хийдэг. Бий биелгээнд мөр, цээжин биеийн хөдөлгөөн чухал байдаг.

-Ер нь бий биелгээ өөр оронд бий юу, зөвхөн Монголд байна уу?

-Өөрийн гэсэн хэв маягаа гаргаж чаддагаараа Австрали, Африкийн зарим нэг уугуул индианчуудын дунд тархмал байдаг. Манай Монголын биелгээ бол дэлхий дээр цор ганц биеэ даасан өөрийн гэсэн онцлогтой. Ахуй амьдрал дээр хийж байгаа зүйлээ биелгээндээ тусгадаг. Ноос савах, будаа тээрэмдэх зэргийг биелгээндээ тусгаж өглөөнөөс үдэш хүртэл хийсэн ажлаа тайлагнаж буй мэт бүждэг.

-Тэгэхээр жирийн ардууд ямар баяраар бийгээн биелдэг байв?

-Эрт үеэсээ тэнгэр тахих үед биелгээ хийдэг байсан. Байгалийн шалгуурыг аргадах, гал тахих, наранд мөргөх, ан авын үеэр олз омогтой байх, тариа будаа ихээр хураахыг хүсэх, шинэ гэр барих, бэр буулгах, оршуулгын зан үйл, хурим найрын үед ихэвчлэн биелдэг байсан юм билээ.

-Уран нугараачид бий биелгээнд уран нугаралтын үзүүлбэр байдаг гэж ярих юм билээ. Энэ хоёр бие биедээ ер нь яаж нөлөөлсөн байдаг вэ. Түүнчлэн үндэсний бүжигт бий биелгээ хэрхэн нөлөөлөв?

-Ховд аймгийн Цэцэг сум миний эмээгийн нутаг. Тэнд Монголын хамгийн алдартай уран нугараачид төрж, удам угсаагаа залгамжилсан байдаг. Тиймээс Ховд, Увс аймаг язгуур уламжлалаа барьсан ард түмэн гэж үздэг. Ховд аймгийн Цэцэг сумаас төрсөн уран нугараачид маш сайхан биелдэг. Мөн судалгаагаар явж байхдаа болон олон удаагийн язгуур урлаг, бий биелгээний наадмын комиссын бүрэлдэхүүнд байхдаа уран нугаралт, бий биелгээ хоорондоо холбоотой гэдгийг анзаарсан. Мөн уран нугарч байхдаа биелж байгаа гоц авьяастныг харсан. Их сонин юм билээ.

-Манай үндэсний бүжгийг уран гоё хөдөлгөөнтэй гэж гадаадын жуулчид ярьж байсан. Монголчууд маш уян байдаг нь биелгээтэй холбоотой гэж ойлгож болох уу. Эсвэл ардын урлагийнхаа ачаар монголчууд уян байдаг гэж та хэлэх үү?

-Монголчууд далайн түвшнээс дээш, тэнгэрт ойрхон өндөрлөг газар нутагт амьдардаг болохоор халуун хүйтэн эрс тэс уур амьсгалыг бид давдаг, тэсдэг. Түүнтэй адил монгол хүний бие уян налархай байдаг нь анзаарагдсан.

Махчин зэрлэг амьтад, муурын төрлийн бар, ирвэс, чоно маш уян. Ялангуяа далаараа маш уян. Маш нарийхан нүхээр толгойгоо оруулаад л багтаж гардаг. Тиймээс монголчууд их уян байдаг нь хоол хүнстэй нь холбоотой байж болох юм гэж надад санагддаг. Цаг агаар, уур амьсгалаа дагаад бид мах их иддэг. Далайн хоол иддэг Ази, Европын улсуудын бие нь хөшүүн гэдэг нь харагдсан. Тайванийн их сургуульд би багшилж байхдаа мэргэжлийн бүжигчдэд нь бий биелгээ заасан. Хэчнээн заагаад ч тэд дал хавиргаараа олигтой хөдөлж сурахгүй байсан. Гэтэл монгол хүнд мөр, солбио, дал хавирганы хөдөлгөөн заахад их амархан сурдаг. Тиймээс бий биелгээ бол монгол хүний биед зохицсон бүжгийн гайхалтай урлаг юм. Хэрвээ биелье гэж хүсэх юм бол монгол хүний дотоод биеэс нь уян налархай хөдөлгөөн ундран гарах онцлогтой.

Би Голланд,  Австри, Герман, Хятад, Солонгос, Япон, Орос, Гонгконг, Тайвань зэрэг олон оронд бий биелгээ заасан. Тэд хөдөлгөөнийг нь сурна. Гэхдээ намбыг нь гаргаж чаддаггүй. Жишээ нь, монгол, орос хүнд яг адилхан заахад хоёулаа адилхан сурна. Тэднийг бүжиглүүлэхэд монгол хүн дотоод сэтгэлээ урлан бүжиж байгаа нь анзаарагдана, мөр дал нь илүү хөдөлнө. Ялгаа нь нутаг нутгийн цаг агаар, хоол унд, уламжлалд нь байгаа юм шиг санагдсан.


-Биелгээний эрүүл мэндийн ач холбогдлын талаар товч хэлж өгнө үү?

-Сүүлийн 10 жилд судалж байгаа олон сэдвийн маань нэг нь энэ юм. Бий биелгээ бол заавал монгол хүн гэлтгүй гадаад хүнд ч тохирно. Бий биелгээний дасгалд мөр, дал,  хавиргаа хөдөлгөдөг учир эдгээр ясыг дагаад гол нуруу мөн хөдөлж байдаг. Нуруу хөдөлж байгаа юм чинь энэ бүгдийг дагаад мэдрэлийн судлууд буюу цул таван эрхтэн мөн хөдөлдөг тул гаднаас биед хуримтлагдсан вирус, бохир агаарыг бийгээн биелээд, биеэн зайлаад гадагшлуулах боломжтой. Сонгодог бүжигт бол биеэ чангалаад сайхан өв тэгш байхыг чухалчилдаг. Харин бий биелгээ бол бүх биеийг суллаад, булчин шөрмөс, эрхтэнээ дотоод сэтгэлээрээ бүрэн мэдэрдэг.

Манай Д.Нанжид багш “Биелгээ хийж байгаа хүн бие нь хөдөлж байхад дотоод сэтгэл нь дуулж байдаг” гэж хэлдэг байсан. Тэгэхээр долоон үе мөчөөрөө хөдлөөд дотоод сэтгэлээрээ өөрөө өөртэйгөө ярьж байгаа хүний хувьд эрүүл мэндэд үнэхээр ач холбогдолтой. Өнөөдөр Монголд иог, сонгодог бүжиг, цэнгээнт бүжгийн олон сургалт элбэг болсон нь сайшаалтай. Гэхдээ монгол хүний хувьд, эрүүл мэнддээ анхааръя гэвэл биелгээ хийж, биелгээний дасгал хийх юм бол наад зах нь ханиад томуу тусахгүй. Агаарын бохирдол ихтэй хотынхон эрүүл мэнддээ анхаарч бий биелгээг сураасай гэж хүсэж байна.

Мөн бий биелгээг анагаахын шинжлэх ухаан талаас нь нэлээн судлах шаардлагатай юм. Хүнд хэрэгтэй, урт наслахад тустай гэдгийг Ойрадын бий биелгээ хийдэг хөгшчүүдийн амьдрал нотолдог. Бид анагаахын шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг газруудад хандаж үзсэн л дээ. Тэгэхэд хэт европжсон, тоног төхөөрөмж шаардаж судалгаа  хийх гээд байдаг. Мэдээж эрүүл мэндийн талаас судлагдаад гараад ирэх нь цаг хугацааны асуудал болж байна. 

-Бий биелгээ өнөө хүртэл хэрхэн хөгжиж, ямар шинэчлэл орж байна вэ?

-Ардын бүжгийн урлаг бий биелгээ 2009 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай өвд бүртгүүлсэн боловч сайн хөгжиж байна гэж хэлж чадахгүй. Бий биелгээг хөгжүүлэхэд  судлаач, мэргэжлийн талын хүмүүс, их сургуулийн багш нар анхаарах хэрэгтэй. Саяхан би Бээжин хотын ЮНЕСКО-гийн төвөөс зохион байгуулсан  соёлын биет бус өвийн сургалтад суусан.

Австралийн Соёлын биет бус өвийн сургалтын төвийн багшийн хэлж байгаагаар, би өв тээгч юм байна. Би 50 гаруй биелгээ мэднэ, олон удаа судалгаа хийж баруун аймгуудаар явсан. Ингэхдээ бий биелгээг үнэн зөвөөр нь уламжлуулах ёстой гэдгийг ойлгосон. Саяхан 4,5 бий биелгээтэй байсан угсаатан өнөөдөр 13,14 биелгээтэй болжээ. Ингэж болно. Хамгийн гол нь тухайн угсаатны уламжлагдаагүй зохиомол биелгээ гарч ирж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд шинээр гаргасан биелгээ, энэ нь анхны уламжлалт үндсэн биелгээ гэдгийг зааж сургах ёстой. Тэгэхгүйгээр буруу заах, эсвэл өөр угсаатны биелгээнээс хөдөлгөөн авч түүнийгээ баяжуулаад холиод заах нь хортой юм. Түүхийг хэзээ ч гуйвуулж болохгүй, үндсэн намбыг хэзээ ч өөрчилж болохгүй. Түүхийн эх сурвалжийн баримтад тулгуурлахгүйгээр хэн дуртай нь шинэчилж болохгүй.


-Та хэзээнээс бий биелгээг зааж эхэлсэн бэ. Хэчнээн шавьтай болов. Шавь нараасаа нэрлэж болох уу?

-Сургуульд сурч байхдаа бий биелгээ гэж мэддэггүй байлаа. Манай гэр бүл Бүх ард түмний урлагийн их наадамд их оролцдог байсан. Тэр үед бий биелгээ хийж байгаа ахмадуудыг их дуурайдаг байлаа. Би долоон наснаасаа эхлэн 42 жил бүжгийн урлагаар хичээллэж байна. 1993 онд Д.Нанжид багш “Дүнжингарав” чуулгыг байгуулан бий биелгээ зааж байхыг хараад сонирхож эхэлсэн. Түүнээс хойш Монголын уламжлалт бүжигт дагнан ажиллаж байна.

СУИС-д 15 жил ажиллаж байна гэхээр олон шавьтай болсон доо. Манай сургуулийг жилдээ 40-60 оюутан төгсдөг. Түүний тал хувь нь миний шавь нар. 2000 оноос хойших "Түмэн эх" чуулгын бүжигчид бүгдээрээ миний шавь. Э.Ундрал, Т.Содгэрэл, Ч.Сэсээрхүү гэхчлэн мундаг биелдэг шавь нар маань байна. Монголын хөдөө орон нутгийн бүх театр чуулгад миний шавь нар бий, тэднээрээ бахархдаг. Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар, “Натур данс продакшн”-ы Б.Энхцэцэг, Б.Марал-Эрдэнэ, Г.Уянга, О.Төгс-Эрдэнэ гэхчлэн залуу багш нар үргэлжлүүлээд явж байна.

Би бүжиг дэглээчдийг оюунлаг байгаасай, судалгаа их хийдэг болоосой гэж боддог. Шавь нараа шинжлэх ухаанчаар судалгаа хийж, судалгаандаа тулгуурлан өөрсдийн хийж байгаа зүйлийг ойлгодог байгаасай гэж хүсдэг.

-“The Hu”хамтлаг ардын урлаг, хөөмийгөөр дэлхийд гайхагдаж байна. Түүнтэй адил монголчууд бүжиг эсвэл бий биелгээгээр дэлхийд гарах боломжтой юу?

-Би Австрийн Вена хотод, олон улсын модерн төвийн урилгаар багшилсан юм. Тэгэхэд олон улсын бүжиг дэглээчдэд монгол биелгээ заахад, “Та энэ модерн дасгалыг хаанаас сурсан бэ” гэж их асуудаг байв. “Энэ бол манай Монголын үндэсний уламжлалт язгуур биелгээ” гэхэд биелгээ гэж нэртэй модерн дасгал гэж ойлгосон. Тэгээд “Үнэхээр сонирхолтой, хүнд биш хэрнээ авсаархан юм. Таны хэлснээр хавирган хаялгыг хаяад л суухад биеэ халаачихлаа. 3-5 минутын хугацаанд бие халаадаг энэ ямар ухаан байна” гэж байсан. Хүний биеийн хавирга хөдөлнө гэдэг бол бүх бие, мөн сандал дээр сууж байгаа мэт, эмээл дээр мордож байгаагийн нэгэн адил явган суухад хүний биеийн цусны эргэлт асар хурдацтай бүтэн явж байгаа юм. Ингэж хавиргаа хаяж суухаас өмнө цусны эргэлт тайван явж байхад бүрэн суусан хүний тархинаас эхлээд хөлийн хурууны үзүүр хүрэхэд бие бүрэн халж байгаа юм. Богино хугацаанд биеэ халаасан хүн ямар ч хөдөлгөөн, техник хийхэд бэртэл авахгүйгээр бүх эд эс нь халах дасгал болдог.

The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог ах хоёр жилийн өмнө Д.Энхбаяр найруулагч бид хоёрыг дуудаж, “Та 2 Хүннү биелгээ хийдэг. Танай “Натур данс продакшн” урын сандаа олон хүннү биелгээтэйг мэднэ. Хамтлаг байгуулах гэж байгаа, та нарын санаа оноо юу байна” гээд 2-3 удаа уулзсан. Тэр бол дөнгөж хамтлагийн суурийг тавьж төр засгийнханд танилцуулаад явж байсан үе л дээ. Б.Дашдондог ах эхний удаа бүжигтэй холихгүй, хамтлагаа байгуулах бодолтой байсан байх. Манай “Натур данс продакшн”-ы урын санд бусад театр, чуулгад байдаггүй Хүннү биелгээ, Киданы үеийн бүжиг биелгээ нэлээн байдаг. Олон ч газарт тоглож, уралдаан тэмцээн наадмаас гавьяа шагнал авсан.

Хүннү биелгээ дэлхийд гарахад болохгүй гэх зүйл үнэндээ байхгүй. Сүүлийн 10 жилд судалж байгаа нэг судалгааны тойрон бүжгийн сэдэв байна. “Нарны тойрон бүжиг” гэж нэрийг нь найруулагч Д.Энхбаяр өгсөн. Бид тойрон бүжиг гэж л боддог байсан. Тэгвэл судалгаанаас үзэхэд, нартай холбоотой юм байна гэдгийг бид ойлгосон. Галын тойрон бүжиг гэдэг маань гал тахидаг. Манай “Натур данс продакшн”-ы бүтээлүүд судалгаатай, бас багийн хөдөлмөрөөо бүтсэн. Тиймээс бидний бүтээл амттай, мөн онцлог чанартай байдаг гэж боддог. Ойрын хугацаанд бид Монголын бүжгийн түүхийг нэлээн судлах зорилготой байгаа. 


Related news