Хятадын технологийн компаниуд “Google Play”-тэй өрсөлдөх платформ гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-02-07 11:24:37

БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ-ын технологийн "Xiaomi", "Huawei", "Oppo" болон "Vivo" компани программын нэгдсэн дэлгүүр байгуулахаар төлөвлөж байна гэж "Reuters" агентлаг мэдээлжээ.


Харилцаа холбоо, электроникийн зах зээл дээрх дөрвөн том тоглогч болох дээрх компаниуд Дэлхийн үйлчилгээ хөгжүүлэгчдийн нэгдсэн холбоо /Global Developer Service Alliance - GDSA/ байгуулахаар нэгджээ. Тэдний гаргасан нэгдсэн платформ дээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжүүлэгчид тоглоом, кино, дуу хөгжим, програмуудаа байршуулж, зарж болно. “Reuters” агентлагийн мэдээлснээр, GDSA нь “Google Play”-тэй өрсөлдөхүйц үйлчилгээ болж магадгүй байна.


Хөгжүүлэгчдэд зориулсан шинэ үйлчилгээг Энэтхэг, Индонез, Малайз, Орос зэрэг есөн орон болон бүс нутгуудад нэвтрүүлэх гэнэ.


Хятадын компаниуд холбооныхоо хүрээнд өрсөлдөх чадварынхаа давуу талыг бүс нутгийн янз бүрийн зах зээлд ашиглахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Xiaomi” Энэтхэгт, "Oppo" болон "Vivo" Зүүн Өмнөд Азид, "Huawei" Европт ашиглах аж. Шинэ интернэт-дэлгүүр гуравдугаар сард нээгдэж магадгүй байна.


“IDC” зөвлөх компанийн мэдээллээр, 2019 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн гар утасны нийт борлуулалтын 40.1 хувийг “Xiaomi”, “Huawei”, “Oppo” болон “Vivo” компанийн бүтээгдэхүүнүүд эзэлжээ.


Related news