Хандивын дансанд 227 сая төгрөг төвлөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-02 20:19:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад "COVID-19" халдвар тархахаас сэргийлэхэд нэгдэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандивыг цуглуулах ОБЕГ-ын хандивын дансанд өнгөрсөн сарын 26-наас хойш 227.6 сая төгрөг цуглажээ.


Тухайлбал, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа, Монголын Үндэсний бөхийн 20 дахь улсын аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбат 20 сая төгрөг, “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөг, “Богд банк” 20 сая төгрөг, “Перто Чайна Дачин тамсаг” компани 5.8 сая төгрөг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Ажлын албаны ажилчид хоёр өдрийн цалингаа тус тус хандивлажээ. Түүнчлэн “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөлөө. Мөн энэ сарын 8-нд "Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулан "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо тоглох бөгөөд энэ үеэр хандивын аянд нэгдэхийг нийтэд уриална гэдгээ тус хамтлагийн гишүүд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинтэй өнөөдөр уулзахдаа хэлсэн юм.



Үүнээс гадна иргэд бараа материалын тусламж мөн олгож буй юм. Тухайлбал, иргэн Л.Одбаяр, Э.Тамир нар нийт 60 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг эмнэлгийн ор, “Эника органик импекс” компани 10 сая төгрөгийн 200 ширхэг чацарганы үрийн тос, “Херо интертайнмент” 100 ширхэг хамгаалалтын хувцас, 40 ширхэг нүдний шил, “Аварга” дээд сургуулийн сургалтын алба 200 толгой хонь хандивласан байна. Хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг Улсын онцгой комиссын Ажлын алба болон Шуурхай ажлын баг зохион байгуулж ажиллах юм.


Иргэд хандиваа Төрийн банкан дахь ОБЕГ-ын 1000900031405 дансанд шилжүүлэх боломжтой.

Related news