С.Энхтүвшин: Төсөөлж бодсон машинаа 45 жилийн дараа бүтээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор автомашины үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэлээ.
Энэхүү үзэсгэлэнг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ, "Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор Автомашины үзэсгэлэн, парадыг иргэддээ толилуулж байна. Тэртээ 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага долоон автомашинтай байгуулж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа. Энэ түүхэн цаг үеэс хойш 100 жилийн хөгжлийн түүхийг өгүүлэх автомашины үзэсгэлэн, парадыг зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэв.
Тус үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэж байсан болон, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглаж байсан автотээврийн түүхийг өгүүлэх ховор автомашинууд багтжээ.
Үүнд, 1932 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн 1.5 тонн даацтай “Полу” ачааны автомашин, 1936 оноос маршал Чойбалсангийн албан хэрэгцээнд ашиглаж байсан “ГАЗ-М1”, “ЗИС-5”, 1945-1950 онд Монголын Улсын зам тээвэр, аж үйлдвэрт хэрэглэж байсан, улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүнд даацын ачааны автомашин ЗИС-5, 1950-д оноос ХАА-д атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөн, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, саятны хөдөлгөөн зэрэг томоохон үүрэг гүйцэтгэсэн “ЗИС-110”, ЗИЛ-130”, “ГАЗ-53” зэрэг ачааны автомашин, “ГАЗ-21”, “ГАЗ-24”, “УАЗ” маркын суудлын автомашиныг танилцуулж байна.
Мөн 1953 оноос үйлдвэрлэж эхэлсэн, цэрэг, иргэний зориулалттай Монгол Улсын тээврийн салбар, хөдөө орон нутгийн тээвэрт өргөн хэрэглэж байсан ГАЗ-69, 1938 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн, Америк хөдөлгүүртэй “ГАЗ-М1” маркийн автомашин зэрэг дурсамж, түүх өгүүлэх ховор автомашиныг байршуулжээ.
Автомашин зохион
бүтээгч С.Энхтүвшин ярихдаа, “Анх аравдугаар
ангид байх үеэсээ машин хийх санаа төрж байв. Тэр үед машин хийх материал нь
олдоогүй. Харин 45 жил төсөөлж бодсон машинаа 2018 онд бүтээгээд долоон жил
болж байна. Энэ машинаа өөрийн хувийн хэрэгцээнд уул хаданд явах болон экстрем
аялалд хэрэглэдэг. “Ирвэс” нэрийг машин хийх явцад хорооны хүүхдүүд өгч байлаа.
Уг машин 6x6 буюу зургаан дугуй мааждаг бөгөөд жил гаруй хугацаанд хийсэн. Мөн сэтгүүлч, техникийн
мэргэжлийг эзэмшсэн хэдий ч машин хийх мөрөөдөлдөө хөтлөгдөж “Маршал Чойбалсан”
хоёр дахь машинаа хийж эхлээд байна. Энэ машин
нь найман дугуйтай наймуулаа мааждаг, залагддаг, уулын түймэрт зориулж хийж
байгаа” гэв.
Харин Монголын
ретро автомашин мотоциклын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Ариунбаатар ярихдаа,
“Энэ машин ЗХУ-д 1937 онд үйлдвэрлэсэн “ГАЗ-M1.
Монголд 1938 онд орж ирсэн. 1934 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны ажилтан Америкт очиж лиценз худалдан авч 1936-1946 оныг хүртэл 6000-7000 машин үйлдвэрлэсэн. Эдгээр машин эх орны дайны үед
чухал үүрэг гүйцэтгэсэн. Цэрэг, иргэн тэр үеийнхээ байлдааны машин гэсэн
тодотголтой байдаг. Одоо тусгай угталт, хурим үйлчилгээнд хэрэглэж байгаа” хэмээн ярилаа.
Уг ретро автомашин холбоонд машин цуглуулагч сонирхлоороо нэгдсэн 40 гаруй гишүүнтэй, 160 гаруй машин бүртгэлтэй аж.