Ч.Сарангоо: ХОРОМ БҮР НЬ АЗ ЖАРГАЛААР ЦАЛГИСАН МЭРГЭЖИЛДЭЭ БИ ХАЙРТАЙ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
khandmaa@montsame.gov.mn
2020-04-02 11:52:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зорчигчийн вагон депогийн захиргаа, ҮЭ-ийн хорооноос зохион байгуулсан "Nice wagon-2019" тэмцээний тэргүүн байрын шагналт, галт тэрэгний үйлчлэгч Ч.Сарангоотой ярилцлаа.

 

     -Төмөр замчид өндөр хариуцлага, сахилга дор ажилладаг. Галт тэрэгний үйлчлэгч ч адилхан, "10 мэргэжлийн ажлыг ганцаараа хийдэг" гэх үг ч бий шүү дээ?

    -Тиймээ, анхнаасаа сонирхож эзэмшсэн мэргэжил минь болохоор хүндрэлтэй, бэрхшээлтэй талаас нь ердөө хардаггүй. Арван жилээ төгсөөд л төмөр замчин болохоор шийдсэн. Анх вагоны үйлчлэгчийн дүрэмт хувцас маш гоё санагдсан л даа. Ингээд Төмөр замын МСҮТ-ийн вагоны үйлчлэгчийн ангийг 2015 онд төгсөөд, 2018 оны зургадугаар сард ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Энэ мэргэжлийг сонгосондоо баярладаг. Манай УБТЗ шиг ахуй хангамжтай байгууллага Монголд байхгүй шүү дээ. Хүмүүс "Төмөр замд орсон бол насны хоолоо олсон" гэж ярьдагтай би 100 хувь санал нийлдэг.

     -Залуу хүний хувьд чөлөөт цаг бага, ачаалал ихтэй гэж шантрах үе гарах уу?

      -Үгүй дээ. Миний хувьд ажлын байрандаа өнгөрүүлсэн хором мөч бүр сонирхолтой, хөгжилтэй байдаг. Аялалд гарсан дөрвөн өдөр бүхэлдээ жаргалтай дурсамжаар дүүрэн өнгөрдөг гэж хэлж болно. Хэд хоног амарчихаар л ажилдаа явмаар санагддаг юм. Аялалд гарах бэлтгэлээ хийж эхлэнгүүт л цаанаасаа яараад л... Энэ мэдрэмжийг танд үгээр бүрэн зураглаж хэлэхэд амаргүй л дээ. Магадгүй үйлчлэгчээр ажилладаг хүн л зөвхөн үүнийг мэднэ. Хүн л юм хойно олон хоног дараалан замд явахад ядарна. Гэртээ харих юмсан гэж бодно. Гэхдээ л амрангуут буцаад ажилдаа гарах гэж яардаг гэхээр зарим хүнд ойлгогодохгүй байх л даа.

      -Үйлчлэгчийн мэргэжлийг ар гэрийнхэн сайн ойлгох нь хамгаас чухал гэдгийг олон хүнээс сонсож байсан?

      -Тийм шүү. Би аав, ээжээс хоёул. Эгч маань саяхан "Чи түрүүн өвөл ядарч байна гээд л байсан. Энэ жил харин овоо чимээгүй болчихсон байх шив дээ" гэсэн. Тэгэхээр нь "Ажил гарт орчихож байна шүү дээ эгч минь" гээд л онгирчихсон, бас./инээв.сурв/

        -Ойрын хугацаанд өөртөө тавьсан ямар зорилго байгаа вэ?

        -Сурч, боловсрох. Эзэмшсэн мэргэжилдээ улам гүнзгийрч, ур чадвараа илүү сайжруулна гэж бодож байгаа. Бодсон, төлөвлөсөн зүйл их бий.

         -Зарим үйлчлэгч олон улсад явах сонирхолтой байдаг юм билээ. Өөрийн чинь хувьд?

      -Би бол Замын-Үүд чиглэлдээ л явах дуртай. Дассан болохоор ч юм уу хамт олонтойгоо замд явж байх нь илүү сайхан. Хүн сургуульд сураагүй үлдсэн мэдлэг, дадлагаа хамт олноосоо олж авдаг юм байна. Харин хэр хэмжээнд сурах нь хувь хүний л чадал чансаа мэдэх байхаа.


       -"Nice wagon"-ы шилдэг үйлчлэгч-2019 тэмцээнд оролцохдоо сандарч байв уу?

       -Энэ тэмцээнд оролцоход мэргэжил талаасаа бол сорил бага байсан. Энтертаймент шоу гэдэг утгаараа авхаалж, самбаа, авьяас чадвар гээд хувь хүний хичээл зүтгэл шаардсан. Ямартаа ч, энэ тэмцээнд 60 гаруй хүнийг төлөөлж оролцсондоо маш их баяртай байсан ч бас хариуцлагатай байх ёстой гэж хичээсэн. Хамгийн гол нь, "Надад ийм өндөр итгэл үзүүлсэн бригадынхаа хамт олны найдварыг алдахгүй юм шүү" гэсэн бодол толгойноос салахгүй байсан. Эхний нэг, хоёрдугаар шатанд дуулахаас эхлээд өөрийнхөө чаддаг зүйлийг хийсэн болохоор тийм ч хэцүү санагдаагүй. Харин төгсгөлийн шатууд амаргүй байсан. Хамт оролцсон эгч нар бүгдээрээ мундаг болохоор өөрийгөө түрүүлнэ гэж огтхон ч төсөөлөөгүй. Түрүүлснээ сонсоод, ёстой л шоконд орсон шүү дээ.

          -"Шилдэг үйлчлэгчээр Ч.Сарангоо тодорлоо" гээд зарлахад ямар санагдав?

         -Яг л зүүд шиг санагдсан. Итгэж ядаад хөдөлж ч чадахгүй зогсож байтал манай цувааныхан хашгираад босоод ирсэн. Үнэхээр гоё. Хамгийн түрүүнд ээж рүүгээ залгасан. Ээж минь утасны цаанаас баярлаад, уйлаад л, хайр хүрмээр хөөрхөн. Миний нэгдүгээр шатны бичлэгийг үзээд л уйлсан гэсэн. Хоёрдугаар шатны бичлэгийг үзээд бас л уйлсан. "Түрүүлчихлээ" гээд ярьтал дахиад л уйлсан. Хөөрхий минь, их зөөлөн хүн л дээ, манай ээж /хоолой нь зангирав.сурв/


         -Энэ жил зохион байгуулагдвал орох уу?

        -Орохгүй байхаа. Оролцоод ялагчаар нь тодорсон юм чинь дахин оролцохгүй гэж бодож байна. Анх удаа зохион байгуулж байгаа тэмцээн гэхэд маш өргөн цар хүрээтэй болсон. Уламжлал болгон зохион байгуулаад явбал хүмүүс маш идэвхтэй оролцох юм билээ. Энэ дашрамд, шинэ, залуу ажилтнуудынхаа авьяас чадварыг нээх, тэдэнд урам зориг өгөх гээд өндөр ач холбогдолтой энэхүү тэмцээнийг санаачилсан, зохион байгуулсанд их талархаж байна. Манайхан ч их баяртай байгаа.

        -Үйлчлэгч нарт ажлын бус цагаар өөрийгөө хөгжүүлэх боломж хэр гардаг вэ?

       -Одоогоор хувь хүний хөгжил рүү чиглэсэн ажилд оролцож чадахгүй л явна. Ер нь, цаашдаа өөртөө цаг гаргана. Саяхан л гэхэд хамт ажилладаг найзуудтайгаа нийлээд тус бүрийнхээ жилийн төлөвлөгөөг гаргасан. Би харьцангуй залуу ажилтан шүү дээ. Одоогоор амралтын өдрүүдийг гэр бүлдээ л зарцуулдаг даа. Гэхдээ энэ жилд багтаагаад найзуутайгаа хамт орос хэл сурна, улиралдаа нэг удаа салхинд гарна гэхчлэнгээр төлөвлөгөө гаргасан.

       -Хобби?
       -Хоёр жилийн өмнөөс бөмбөр оролдож эхэлсэн. Үнэхээр сонирхолтой юм билээ. Энэ жил бөмбөрөө маш сайн тоглож сурна гэж бодож байгаа. Ер нь, сурах зүйл маш их байна.

        - Гурав дахь жилдээ галт тэрэгний үйлчлэгчээр ажиллах хугацаанд мэргэжлийн

 хувьд бахархмаар зүйл юу байв?

       -Вагоны үйлчлэгч бол төмөр замын нүүр царай гэдэг шүү дээ. Энэ ч утгаараа "Төмөр замчин, тэр дундаас вагоны үйлчлэгч" гэдгээ хүнд ярихад нүүр бардам, бас бахархалтай санагддаг. Ер нь, төмөр замд ажилладаг тухайгаа ярихад ихэнх нь "Чи ч ёстой баяжиж байгаа юм байна даа гэдэг"/инээв/ Хамгийн гол нь олон хүнийг зорьсон газарт нь хүргэж, аж амьдралтай нь залгуулдаг, үнийн хувьд ч хямд, хамгийн найдвартай унаа бол яахын аргагүй галт тэрэг шүү дээ. Тийм ч учраас би "суман ногоон" хүлгээрээ л хамгийн их бахархдаг даа.

          -Гоё хувцсаар төсөөлж мэргэжлээ сонгох. Яг халуун талбарт нь ажиллах хоёрын дунд маш том ялгаа байсан байх?

         -Тийм. Анх МСҮТ-д элсээд л онолоо үзэж эхэлдэг юм байна. Тэгж байтал дадлагад гарав аа. Миний дадлага ид өвөл эхэлсэн. Цехүүдээр явж танилцаад эхэндээ их л хөнгөн байлаа. Гэтэл "Замд явуулна аа" гэж байна. Анхны аяллаасаа л шантарсан. Хамт явсан эгч нар надаар бараг юм хийлгээгүй ч вагоны үйлчлэгч хүн яг юу хийдэг вэ гэдгийг хараад л зүрх зориг мохсон. Би ийм ажлыг хэзээ ч хийж чадахгүй л гэсэн бодолтой аяллаас ирсэн /инээв/. Гэсэн ч сургуулиа төгссөн, ажилд орсон. Одоо бол манайх шиг сайхан ажил байхгүй шүү дээ. Маш олон мэргэжлийг нэгтгэснээрээ онцлогтой ажил даа.


         -Хоёр жилийн өмнө Зам-Үүд рүү томилолтоор ажиллах далимдаа үйлчлэгчид тусалсан юм. Мөс цохихоос эхлээд ажиллаж байгааг нь хараад үнэхээр муу эр хүнээс илүү бүсгүйчүүд байдаг юм байна гэх дүгнэлтэд хүрсэн шүү?

        -Мөс цохих, нүүрс зөөх бол бидний ажлын зөвхөн нэг хэсэг нь шүү дээ. Надад хамгийн хэцүү санагдсан нь тамбур угаах. Мөстчихсөн хөлдүү төмрийг чийгтэй алчуураар нүцгэн гараараа арчина гээд төсөөл дөө /инээв/. Бас гал түлэх нь маш хэцүү санагдаж байлаа. Гал түлэх тухай ямар ч ойлголтгүй хотын хүүхэд шүү дээ, би. Эгч нар уг нь зааж өгөөд л байгаа юм. Манай үйлчлэгч нарын дунд "чөтгөрийн гал" гээд үг хүртэл бий. Шинэ үйлчлэгч галаа түлж чадахгүй сүүмэлзүүлээд орхихыг хэлж байгаа юм. Үнс, нурмаа бүрэн авалгүй мод хийчихээр жинхэнэ "гамшиг" болно шүү дээ. Би одоо бол галаа сайн асаагаад сурчихсан. Тамбур угаах л чанга даа.

          -Зорчигчдоос талархлын үг олон сонсох уу?

         -Сонсолгүй яах вэ. Үйлчлүүлэгчээсээ талархлын үг сонсох нь бидний хувьд хамгийн гоё мэдрэмжийн нэг. Саяхнаас зорчигчийн вагонд аюулгүй ажиллагааны санамж өгч эхэлсэн. "Та халуун усыг зөөхдөө түлэгдэхээс болгоомжлоорой. Заавал надад хандаарай..." гэхчлэнгээр. Би зорчигчиддоо тэр санамжийг хүргэхдээ аль болох хамгийн гоё сонсголонтойгоор хэлэхийг хичээдэг. Санамжаа хэлээд дууссаны дараа зорчигчид "Ямар гоё юм бэ. Яг кино театрт, эсвэл онгоцонд явж байгаа юм шиг" гээд л алга ташиж баяр хүргэсэн. Их гоё санагдсан шүү. Улам гоёор санамжаа хүргэхийн төлөө хичээх ёстой юм байна гэж дотроо бодсон.

        -Арга эвийг нь олоход хэцүү зорчигчтой бишгүй л тааралддаг байх?

        -Манай эгч нар "Одоо хүмүүс маш гомдомхой болчихсон. Өмнө нь, хүмүүс хүн чанар сайтай байлаа" гээд ярьцгаадаг л даа. Нийгмийн бухимдал ч үүнд нөлөөлж байгаа байх. Гэхдээ хамгийн гол нь, "Харьцаанаас харьцаа үүсдэг" гэдэг шүү дээ. Дарга нар маань ч ажлын өмнө дандаа захьдаг. "Та нар зорчигчидтой яаж харьцана. Тэд тийм л хариу үйлдэл үзүүлнэ шүү" гэж. Инээж байгаа хүний өмнөөс ямар ч хүн уурлаж чадахгүй шүү дээ. Хэчнээн уур нь хүрсэн ч инээж байгаа хүний өмнөөс үргэлжлүүлэн уурлаад байвал тухайн хүн өөрөө бусдад тэнэг харагдана. Тэгэхээр би инээмсэглэж харьцахыг хичээдэг. Зарим хүн худлаа инээлээ гэж бодож болох юм. Гэхдээ "Инээмсэглэл бол хамгийн хүчтэй зэвсэг" гэдэг учраас өөртөө эргэлздэггүй.

        -Өөрөө зураг бүхэн дээр инээмсэглэж гардаг юм билээ?

        -Сонинд гарсан зургуудаа хараад хэзээ авхуулснаа санахгүй байна лээ /инээв.сурв/. Ер нь, депогийн нэрийн өмнөөс дайчлагдах ажил гарвал өөрийнхөө чадлын хэмжээнд хичээж оролцохыг боддог. Миний гүйцэтгэх ажлаас бүхэл бүтэн депогийн нүүр царай харагдана гэж боддог. Хувь хүний чанар ч юм уу. Би инээх маш их дуртай. Жаахан л хөгжилтэй зүйл болбол инээхгүй гэж хичээсэн ч инээчихдэг дутагдалтай хүн.

            -Төмөр замчин болоогүй бол?

           -Би дунд сургуулиа төгсөөд хоёр сонголтод эргэлзэж байсан. Нэг нь вагоны үйлчлэгч, нөгөөх нь радио, телевизийн сэтгүүлч. Явж явж төмөр замчин нь л давамгайлсан даа.

         -Танай найзуудаас төмөр замчин болсон хүн бий юу?

         -Манай төгсөлтөөс төмөр замд орсон хүн надаас өөр байхгүй. Би харин төмөр замчин болсноосоо хойш олон жил нөхөрлөсөн найзуудаас илүү дотно найзуудтай болсон шүү.

        -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

                                                                                                                                                            Ярилцсан Б.ДЭЛГЭРХИШИГ

Related news