Үржил хязгаарлах мэс ажилбарыг 1500 нохойд хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Золбин нохой олшрохоос сэргийлэх зорилгоор энэ жил 1500 нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийж, гэр хорооллын 20 мянга гаруй эзэнтэй нохойг бүртгэлжүүлж вакцин, туулгад хамруулна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран золбин нохой, муурыг бууруулах зорилгоор 2016-2019 онуудад гэр хорооллын айл өрхийн 42172 нохойг бүртгэлжүүлж, вакцин туулгад хамруулах, үржил хязгаарлах ажлууд зохион байгуулсан юм.
2016 онд 1500, 2017 онд 2000, 2018 онд 1876, 2019 онд 1000 нохойд буюу нийт 6376 нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр золбин нохой хагас сая гаруйгаар олшрох эрсдэлээс сэргийлсэн байна.
Нохой золбирох нь тэжээж буй иргэдийн хариуцлагатай шууд хамааралтай аж. Учир нь иргэд нохойгоо хашаанаасаа гаргаж сул тавьж байгаа нь хяналтгүй үржилд орох нөхцөлийг үүсгэж, золбин нохойн механик өсөлтийг бий болгосоор байгаа юм. Мөн тэжээсэн нохойноосоо гарсан эм гөлгийг төөрүүлж гудамжинд хаяж байгаа нь золбин нохойн тоо өсөхөд шууд нөлөөлж байна.
Иймд иргэд мал эмнэлгийн
газарт хандаж тэжээж байгаа нохойн үржлийг хязгаарлуулах, нохойгоо хашаанаасаа
гаргаж сул тавихгүй байхыг уриалж байна. Хэрэв иргэд энэ үүргээ биелүүлж чадвал
хот золбин нохой, муургүй байх боломж байгаа юм байна.