Хүүхдийг зодож шийтгэхтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн улс орнууд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудад суралцахыг уриалдаг бөгөөд олон улсад 22, Монгол Улсад 16 дахь жилдээ тэмдэглэж буй юм.
Эл өдрийг 1998 онд анх АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орон нэгдэн дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Харин Монгол Улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос олон нийтэд таниулсан. Улмаар 2018 оноос "Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" аяныг өрнүүлж өдгөө 3 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Манай улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо буурахгүй байна. Хамгийн сүүлийн үеийн буюу “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон энэ үед гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаарх дуудлагын тоо нэмэгдсээр байгаа аж.
Энэ оны эхний улирлын байдлаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нийтдээ 27.050 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс, хүүхэд хамгааллын 4456, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 157, зөвлөгөө хүссэн 1283, мэдээлэл, лавлагаа хүссэн 8177, зорилтот бус дуудлага 241 тус тус ирсэн байна.
Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл болон шийтгэлийг устгах гол арга гэж НҮБ-аас тодорхойлсон. Иймд хүүхдээ өөртөө итгэлтэй, сайн хүн болгож төлөвшүүлье гэвэл сэтгэл зүйчдийн өгч буй зөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлээрэй.
Мөн дараах аргуудыг
хэрэглэж болох юм. Үүнд:
Хүүхэдтэйгээ ярилцах, хамт байх цаг заавал гаргаарай
- Хүүхэдтэйгээ хамт байж тэдэнтэй ярилцсанаар хүүхэд ирээдүйд өөртөө итгэлтэй, бие даасан хүн болж төлөвшихөд нь туслах
юм.
Өөрөө зөв үлгэрлэ
- Аав ээжийн хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхнийг хүүхэд даган дуурайдаг тул үргэлж зөв үг, зөв үйлдлээр үлгэрлэж
байгаарай.
Хүүхдээ хүндэлж, магтан сайшаа
- Хүүхдийнхээ хийсэн зөв үйлдэл бүрийг анзаарч, магтан
сайшааж, урамшуулж бай. Магтуулсан хүүхэд өмнөхөөсөө ч илүү ихийг хийж,
мэдэх гэсэн чинь хүсэлтэй болдог юм.
Үглэхээс татгалз
- Хүүхдэдээ нэг зүйлийг олон удаа, давтаж хэлэх бус
харин намуун зөөлөн хоолойгоор нүд рүү нь харж байгаад ярилцах нь илүү үр
дүнтэй
Зодож шийтгэхээс татгалз
- Зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс
айдаг, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг
даган дуурайгч болон төлөвшдөг. Тиймээс хүүхдийнхээ хийсэн алдаатай үйлдлийг засахдаа тэдэнтэй ярилцаж, хийсэн буруу зүйл нь юу
байсныг нь ойлгуулж, туслах нь чухал.