Хятад улс хөгжиж буй 77 улсын өр төлөх хугацааг түр түдгэлзүүлнэ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс бүхий л хүчин чадлаа дайчлан олон улсын хамтын нийгэмлэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлж, "Их 20"-ын орнуудын дэвшүүлсэн “өр төлөх” санаачилгад идэвхтэй оролцон хөгжиж буй 77 улсын өрийн эргэн төлөлтийг түр хугацаанд түдгэлзүүлж байгааг тус улсын ГХЯ-наас өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хятадын Худалдааны яамны албан ёсны цахим хуудсанд нийтэлснээр, “Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улсаас Африкийн орнуудад идэвхтэй зээл олгож, тус тивийн гол зээлдүүлэгчдийн нэг болсон бөгөөд аливаа нэгэн зээлийг чөлөөлөх, төлбөрөөс хөнгөлөх хэлэлцээрт Хятад улс их хэмжээний хохирлыг амсаж ирсэн” гэжээ.
Мөн "Их 20"-ын орнуудын хэлэлцээрийн нэг хэсэг болох өр төлөх санаачилгад нэгдэж, Африкийн орнуудын өр төлбөрийг эргэн төлөх хугацааг түр хугацаанд түдгэлзүүлж магадгүй хэмээн мэдэгдэж байсан байна. Түүнчлэн дараагийн алхам нь өрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх юм байна.