Пентагон: Орос, Хятад хоёр Америкийн сансрын объектууд руу довтлохоор зэхэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-10 12:58:50

ВАШИНГТОН./TASS/. ОХУ, Хятад хоёр сансарт АНУ-ын эсрэг довтолгоон хийх зорилгоор шинэ технологи боловсруулж байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яам үзэж байгаа аж. Энэ тухай даваа гарагт “Вашингтон пост” сонинд нийтлэгдсэн нэгэн өгүүлэлд дурдсан байна.

“Ирак болон Афганистанд америкчууд терроризмын эсрэг тэмцэж байх зуур Орос, Хятад хоёр сансрын орон зайд АНУ руу халдан довтлох хүчин чадлаа нэмэгдүүлж байжээ” гэж тус сонинд дурджээ. АНУ-ын сансарт бий болгосон үндэсний аюулгүй байдалтай холбоотой дэд бүтцийг жагсаалаас гаргаж чадахуйц зэвсэг технологийг ОХУ, Хятад хоёр боловсруулж байгаа учраас Америкийн хиймэл дагуулууд тэдний хувьд хөнгөхөн бай болно гэж Пентагон болгоомжилж байгаа аж.

“Вашингтон пост” сонинд мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Фрэнк Роузын хэлсэн үгээс иш татсан байна. “Сансрын довтолгооноос хамгаалах Орос болон Хятадын системүүд улам боловсронгуй болж байгаад би санаа зовниж байна. Сөргөлдөөнийг сансрын орон зайд гаргахгүй байхыг АНУ эрмэлздэг. Манай дипломат стратегийн бодлого ч үүнд чиглэж байгаа. Сансарт сөргөлдөх нь аль ч талын эрх ашигт нийцэхгүй” гэж тэрбээр ярьжээ.

Саяхан хятадууд тойрог замд байгаа гэмтэлтэй хиймэл дагуулуудаа устгахын тулд пуужингууд харвасан явдалд Пентагон санаа зовниж байгаа аж. Хятадын нэг пуужин Америкийн маш чухал хиймэл дагуулууд байрладаг алсын тойрог замаас холгүйхэн дэлбэрсэн байна. Эдгээр хиймэл дагуулууд нь хэт нарийвчлалтай тэсрэх бөмбөгийг дэлбэлэх солбилцлыг тогтоож, дайсны байрлалыг хянах зэрэг ажиллагааг гүйцэтгэдэг аж.

“Улс орнууд ийм байдлаар сансрын технологийн салбарт идэвхжиж байгаа нь сансарт зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг өдөөх шинж тэмдэг мөн” гэж “Вашингтон пост” сонин дүгнэжээ.

Дээрх болгоомжлолоос үүдэнн Пентагоныхон Space Fence /Сансрын хашаа/ гэдэг системийг боловсруулж, сансар дахь хог хаягдлыг хянах гэж байна. Энэ онд гэхэд АНУ сансрын төслүүдэд 22 тэрбум доллар зарцуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин 5 тэрбумыг гаргахад бэлэн байгаа гэнэ. Энэ мөнгөнөөс 2 тэрбумыг нь “сансрын орон зайг хянах”-ад зарцуулах ажээ. 

Х.Сарнай

 

Related news