Өмнөд Суданы 5.3 сая иргэн хүнсний хомсдолд орох эрсдэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-10 13:32:18

ЖЕНЕВ. /Reuters/. Энэ онд ургац муу байгаа учраас Өмнөд Суданы 5.3 сая орчим иргэн хоол хүнсний дутагдалд орох эрсдэл бий боллоо гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгдэв. Дээрх тоо бол энэ оны эхний гурван сарынхаас хоёр дахин нэмэгдсэн тоо юм.

Энэ оны 1-3 дугаар сард 2.8 сая хүнийг хоол хүнсний хямралд өртөж болзошгүй хүмүүсийн тоонд оруулсан бол  40 мянга орчим хүн өлсгөлөнд шууд өртөхөөр байна гэж дээрх байгууллага тооцоолжээ. 

2013 оны 12 дугаар сард Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Киир дэд Ерөнхийлөгч Риек Мачарыг огцруулснаар тус улсад мөргөлдөөн дэгдсэн билээ. Хоёр жил гаруй үргэлжиж буй уг мөргөлдөөнийг зогсоох гэж оролдож байгаа боловч ард иргэдийн дунд өлсгөлөн газар авсаар байна.

Тусгаар тогнолоо зарласнаас хойших хугацаанд Өмнөд Суданд байдал хурцдаж, ургац алдан, зарим нутгийн оршин суугчид орон гэргүй болж байгаагийн улмаас тус улсын иргэд хоол хүнсний хомсдолд орох аюултай байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн оны 3-9 дүгээр саруудад буюу ургац тарианы хомсдолтой улирлын үеэр 4.6 сая орчим хүнийг хоол хүнсний хомсдолд орж болзошгүй гэсэн ангилалд оруулж байв.

Д.Нямтулга

 

 

 

Related news