Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-16 01:43:36

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ням гаригт Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажиллаж байна.

Төрийн тэргүүнийг Дархан хотод хүрэлцэн ирэхэд тус аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын орон нутгийн удирдлагууд угтан авч мэндчилэв.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотод ажиллах хугацаандаа “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулж “Дархан -50 цогцолбор” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдэд товч ярилцлага өгч хэлэхдээ:-“Дархан хотод ирж мод тарих өдөрт оролцож байна. Манай ард иргэд, албан байгууллагууд өнөөдөр бүгдээрээ мод тарьж байгаа. Сүүлийн үед сонсогдож байгаа нэг сайн мэдээ бол тарьсан моддын ургалт их сайн байгаа. Аймаг, хотууд бүгдээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Мод тарьж бас арчилж сурсан. Мод тарих үндэсний өдөр бий болгосноор нийт 9 сая орчим мод тарьсан. Үүний 70 хувь нь ургаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Ялангуяа мод багатай газруудад мод тарих, мод үржүүлэх ажлыг нэмж хийх ёстой гэж бодож байна. Өнөөдөр Дархан хотод ирсний бас нэг гол зорилго бол Ерөнхийлөгчийн ажлыг авснаас хойш ажлаа дандаа УИХ-д тайлагнаж ирсэн. Өнөөдөр нийт сонгогчдоо төлөөлөөд ажлын тайлангаа танилцуулах ажлыг Дархан хотод хийе гэж бодсон. Дархан хотын сонгогчдоор дамжуулаад энэ жилийн тайланг нийт сонгогчдод хүргэе гэж бодлоо их баярлалаа” гэв. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Залуучууд” театрт Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл болох Залуучууд театрын их танхимд 600 гаруй иргэдэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж иргэдийн сонирхсон асуултад хариулсан бол үүний дараа орон нутгийн телевивээр шууд ярилцлага хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус аймагт ажиллах үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд нарт “Хүндэтгэлийн өргөө”-ндөө хүлээн авч аймаг орон нутаг, цаг үеийн ажлаа танилцууллаа. Энэ үеэр 1962 оноос эхлэн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан олон алдартнуудыг нэрийг жагсаасан “Дархан хотын хүндэт дэвтэр”-т Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөөл билгийн үг бичиж нэрээ бичиж үлдээлээ. Мөн Дархан хот дахь “Нарны хүүхдүүд” халамжийн бүлгийн багш С.Эрдэнэчулуун:-“2007 онд “Нарны хүүхдүүд” халамжийн бүлэг маань санхүүжилтгүй болж 10 сарын турш маш хүн байдалтай болсон үед одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай аймагт ажиллаж мөн үеэр дөрвөн сарын хүнсний хэрэгцээний мөнгийг хувиасаа бэлэглэж, ноён, хадагтай хэмээн хүүхэд бүрийн нэрээр 20 мянган төгрөгийн хадгаламж нээж өгсөнд хүүхдүүд маань яг л ноёд, хадагтай нар болчихсон юм шиг баярлаж байсан” хэмээн дурсаад төвийнхөө хүүхдүүдийн талархлын захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардууллаа.

                                                                                                Б.Норовсамбуу

Related news