Өнгөрсөн сард Хятадын дотоодын нислэгийн тоо ноднингийн мөн үеэс давжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-05 16:50:18

Бээжин /МОНЦАМЭ/. Нислэгийн мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг Fei you Technology компани энэ сарын 4-ний өдөр Хятад улсын нислэгийн статистик мэдээллийг танилцуулав.

            Тус статистик мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн сард Хятадын дотоодын нислэгийн тоо хэвийн хэмжээнд хүрсэн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс давсан бол олон улсын нислэгийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 хувьтай байгаа юм.

            Мөн Хятадын дотоодын нисэх онгоцны буудлууд 10 дугаар сард өдөрт дунджаар 26 700 хөөрөлт, буулт хийсэн нь өмнөх сарынхаас 4.62 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

“Арван саяын зэрэглэлтэй” /жилдээ 10 саяас дээш зорчигч үйлчлүүлдэг нисэх буудлууд/ нисэх онгоцны буудлуудын 90 орчим хувийнх нь үйл ажиллагаа өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 80 хувиас дээш үзүүлэлтэд хүрээд байна. Үүнээс Сан Я хотын Финикс нисэх онгоцны буудлаас хөөрсөн нислэгийн тоо өмнөх оны мөн үеийн 113 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 5 сар дараалан “арван саяын зэрэглэлтэй” нисэх онгоцны буудлууд дундаас сэргэлтийн хувь хамгийн өндөр байгаа нисэх буудлаар шалгарчээ.

Сан Я, Ланжоу, Нинбо, Хөфэй, Чунчин, Наньчан, Чөнду, Жинан, Харбин зэрэг 12 газрын нисэх онгоцны буудлуудын нислэгийн хэмжээ өсөлттэй байгаа бөгөөд эдгээрээс дэлхийн хэмжээнд Гуанжоугиын Бай Юнь нисэх буудал 4 дүгээрт, Чөндугийн Шуанлю нисэх буудал 6 дугаарт, Шанхай хотын Зүүн Пүдун нисэх буудал 8 дугаарт тус тус жагсжээ.

Аравдугаар сард дэлхийн хэмжээнд нисэх онгоцны буудлуудын нийт нислэгийн тоо 1.5 сая гаруйд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 50.7 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

Дэлхийн хэмжээнд нислэгийн тоогоор тэргүүлж буй орнуудад АНУ, Хятад, Япон, Энэтхэг, ОХУ, Индонези, Бразил, Мексик, Турк, Англи гэсэн дарааллаар жагсжээ.

БНХАУ нислэгийн тоо, хэмжээний сэргэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад сэргэлтийн хувь 90-ээс дээш хувьд хүрсэн байна.

Related news