Барилга барих хүсэлтийг цахимаар авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар иргэдийг хот байгуулалт, төлөвлөлттэй холбоотой мэдээллээр хангах urban.gov.mn цахим хуудсыг өнгөрсөн сараас ажиллуулж байна.
Тус цахим хуудсаар барилга, байгууламж барих зөвшөөрөл хүсэж буй иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргахаас эхлээд барилга, байгууламж ашиглалтад өгөх хүртэлх бүх үйл ажиллагааг цаг алдалгүй хүлээн авах, мэдээлэл солилцох боломжтой. Энэ системд одоогоор 21 аймгийн төв болон зарим сумын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилт, ногоон байгууламжийн өгөгдлийн мэдээллийг оруулжээ. Цаашид Монгол Улсын 330 сум, томоохон 21 тосгоны мэдээллийг бүрдүүлэх аж.
Хот байгуулалтын салбарын хөгжлийг хурдасгах, хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх мэдээллээр хангах, байрлалд суурилсан орон зайн болон орон зайн бус өгөгдлийг ашиглах боломж бүрдүүлэхээр БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар өнгөрсөн оноос програм хангамжийн хөгжүүлсээр байгаа юм.