Японд гэр ахуйн цахилгаан барааны борлуулалт ихээхэн өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2020-11-20 15:31:08

ТОКИО. /NHК/. Японд цар тахлын улмаас хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор гэр ахуйн цахилгаан барааны борлуулалт сүүлийн 26 жилд байгаагүйгээр өсжээ.


Японы Цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, дотоодын борлуулалт 10 дугаар сард 179.7 тэрбум иен буюу 1.7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.7 хувиар өссөн бөгөөд 1994 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Тодруулбал, угаалгын машины борлуулалт 27.8 хувиар, хөргөгчийнх 27 хувиар, агааржуулагчийн борлуулалт 19.8 хувиар тус тус өссөн байна. Агаар цэвэршүүлэгчийн хувьд эрэлт нь хамгийн их нэмэгдэж, 129.2 хувиар өсжээ. Мөн махны цахилгаан шарагчийн борлуулалт 86.3 хувиар өссөн дүн үзүүлсэн байна. 

Related news