Дарханы “Үйлдвэр Технологийн Парк”-д хэрэгжих томоохон төслүүдийг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-10 22:54:32

Дархан-Уул аймгийн “Дарханы Үйлдвэр Технологийн Парк”-ийн ажлыг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулсан уулзалт болов.

Уулзалтад Аж Үйлдвэрлэлийн Яамны төлөөллүүд, аймгийн ҮТП-ийн холбогдох мэргэжилтнүүд, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Энэ үеэр аймгийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд ач холбогдол өгөх хэд хэдэн төслийн санааг оролцогчдод танилцуулав.

“Дарханы Үйлдвэр Технологийн парк”-ийг урт хугацааны гацаанаас гаргахад төр 20 хувь, ҮТП болон үйлдвэрлэгчид 80 хувь гэсэн зарчмыг баримтлан ажиллах нь эдийн засгийн хувьд аль аль талдаа ашигтай хувилбар болно” гэж үзэж байгаагаа тус аймгийн ҮТП-ийн гүйцэтгэх захирал н.Давааням бизнес эрхлэгчдэд танилцууллаа. Энэ үеэр танилцуулсан төслүүдээс гурван томоохон төсөл оролцогчдын анхаарлыг ихэд татав. Тухайлбал: 100 гаруй иргэнийг ажлын байртай болгох “Агропаркийн төсөл”-ийг “Чандмань” агропаркийн захирал Р.Батгэрэл танилцуулж төрөөс үйлдвэрлэлийг дэмжих багц хууль баталсантай холбогдуулж үйлдвэрлэлийг цогцоор нь явуулахад бизнес эрхлэгчдэд таатай орчин нөхцөл бүрдсэнийг онцолсон юм. Дараагийн төсөл нь эмчилгээний хаан гэгдэх сармис, амин дэмийн дээд гэгдэх лууванг тариалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулж борлуулалтыг нь гадаадын зах зээлд гаргах томоохон цогцолборын төсөл байлаа. Энэ загвар төслийг хэрэгжүүлснээр ногоочид хадгалалтад санаа зоволтгүй нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Мөн үеэр анхаарал татсан гурав дахь том төсөл нь 1500 үнээний ферм байгуулах бол уг фермд 30 компани хамтран оролцож тэжээлийн үйлдвэрийг хамт байгуулах төлөвлөгөөг танилцууллаа. Эдгээр загвар төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл тус аймаг бүх салбарт тэргүүлэгч Монгол Улсын үйлдвэрлэгч хот болох ирээдүй ойрхон байна гэж илтгэгчид онцлов.

2009 онд ажлаа эхэлсэн тус аймгийн ҮТП-ийн огт жигдрээгүй байсан ажлыг нь олон жилийн гацаанаас гаргаж урагшлуулахын тулд ижил төстэй паркуудын туршлагыг судалж зөв менежментийг хийх. Цаасан дээрх төлөвлөгөө ажил болох эхний алхам ийнхүү тавигдаж байна гэж уулзалтад оролцогчид үзэж дэмжиж оролцохоо илэрхийллээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news