Монгол руу үхэр экспортлохыг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-03-31 16:14:29

ОКЛЕНД. /New Zealand Herald/. Шинэ Зеландын Окленд хот дахь “Cornwall” парк Монгол Улс руу үхэр экспортлох болсноо мэдэгдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртжээ.


Тодруулбал, “Save Animals From Exploitation” амьтны эрхийг хамгаалах байгууллага шийдвэрээ эргэн харж, амьд амьтныг худалдаалахгүй байхыг “Cornwall” паркийн удирдлагуудад уриалсан байна.


Cornwall” парк “Facebook” хуудсаараа дамжуулан Монгол руу үхэр экспортлох гэж буйгаа мягмар гарагт мэдэгджээ.


Үүнд, “Монголын фермерүүдийн байгуулах гэж буй үржүүлгийн хөтөлбөрт манай үхрүүд сонгогдсонд баяртай байна. Монгол, Шинэ Зеландын фермийн аж ахуйн аль аль нь бэлчээрийг чухалчилдаг. Энэхүү хөтөлбөр нь алслагдмал бүсийн оршин суугчдын амьжиргааны түвшнийг сайжруулахад хувь нэмрээ оруулна” хэмээн бичжээ.


Харин “Save Animals From Exploitation” байгууллагын тэргүүн Дебра Эштоны мэдээлснээр, “Cornwall” парк амьтдыг амьдаар нь экспортлон худалдаалахын төлөө өсгөн үржүүлж байсныг мэдээд оклендчүүд маш их цочирдсон байна. Мөн Монголын нөхцөл Шинэ Зеландынхаас тэс өөр гэдгийг тэрбээр онцолсон байна.


Үүний зэрэгцээ Окленд хотын олон оршин суугч “Cornwall” паркийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа, мөн амьтдыг бусад улс руу амьдаар нь экпортлохыг эсэргүүцэж буйгаа “Facebook” хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. 

Related news