Бритни Спирсийн өмгөөлөгч түүнийг төлөөлөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-07-07 12:27:46

НЬЮ-ЙОРК. /Fox News/. АНУ-ын дуучин Бритни Спирсийн өмгөөлөгч цаашид түүнийг төлөөлөхгүй гэдгээ мэдэгджээ.


Хуульч Сэмюэль Ингхам 2008 оноос хойш дуучны өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд эцгийнх нь асран хамгаалалттай холбоотой шүүх хуралд түүнийг төлөөлж байжээ. Шүүхээс Спирсийн шинэ өмгөөлөгчийг томилсноос хойш цаашид дуучныг төлөөлөхгүй гэдгээ Ингхам шүүхэд мэдэгдсэн байна.


Дуучин бүсгүй өнгөрсөн сард Калифорнийн Лос-Анжелес хотод болсон шүүх хуралд оролцож үг хэлжээ. Тэрбээр эцгийнх нь 13 жилийн турш үргэлжилж буй асран хамгаалах эрхийг цуцлахыг хүссэн байна. Үүнээс гадна, өмгөөлөгч нараа бие даан сонгохыг хүсэж байгаагаа хэлжээ.


Бритни Спирс эцгийнхээ хараа, хяналтаас гарч, эд хөрөнгө, санхүүгийн захиран зарцуулалтыг хянах эрхээ буцаан авахын тулд эцэг Жеймсийн эсрэг шүүхэд зарга үүсгэснээс хойш жилийн хугацаа өнгөрөөд буй юм.


2008 онд Бритниг мансууруулах бодис, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотойгоор хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан гэж үзжээ. Тухайн үед Бритнид хараа хяналт тавих эрхийг эцэг Жеймс Спирс болон өмгөөлөгч нарт нь шүүхээс олгосон байна. Түүнээс хойш эцэг нь болон өмгөөлөгч нар нь дуучны өмч хөрөнгө, санхүү, ажил мэргэжил, хувийн амьдрал зэрэг асуудлуудыг хянах болжээ.


Бритни 60 орчим сая доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй байна. 


Related news