Хятадад дэлхийн анхны бага чадлын модуль реакторыг байгуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-07-14 12:21:52

ХАЙКОУ. /Xinhua/. БНХАУ-ын Хайнань мужийн Чанжианы цөмийн цахилгаан станцад дэлхийн хамгийн анхны бага чадлын модуль реакторыг угсарч эхэллээ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.


Энэхүү төсөл нь дэлхийн анхны газар дээр суурилсан арилжааны жижиг атомын цахилгаан станц болно гэж Хятадын үндэсний цөмийн корпораци (CNNC) мэдэгдсэн байна. 


"Лянлун-1" (мөн ACP100 гэж нэрлэдэг) хэмээх энэхүү гурав дахь үеийн реакторыг Хятадын үндэсний цөмийн корпораци бүтээжээ. Уг реактор нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дулаанаар хангах, уур үйлдвэрлэх, далайн усыг давсгүйжүүлэх зориулалттай аж.


Реакторыг 2010 оноос хөгжүүлэн бүтээсэн бөгөөд угсралтын ажлыг 2017 онд эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч хойшлуулжээ.


"Лянлун-1" бол 125 МВт-ын хүчин чадалтай, даралттай усны реактор бөгөөд "Хуалун-1" реактор дээр тулгуурлан бүтээжээ. Уг реакторыг МАГАТЭ 2016 онд баталж, дэлхийн хамгийн анхны ийм бага модуль реактор болсон байна.


Бага чадлын модуль реакторууд нь ердийн реакторуудтай харьцуулахад хямд бөгөөд угсрах ажилд бага хугацаа шаарддаг байна.


Related news