Д.Баярсайхан: Валютын арилжааг тусад авч, ББСБ-ын үйл ажиллагааг 4 ангилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-17 13:49:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн салбарын эрхзүй, үйл ажиллагааны шинэчлэлийн талаар СЗХ-ны дарга Д.Баярсайхантай уулзаж тодрууллаа. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэр банк, санхүүгийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатайг онцолсон. Хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөн хохироосон өндөр хүүтэй зээл олголтын эсрэг хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллах хэрэгтэйг тодотгосон. Энэ хүрээнд юу хийж, ажлаа юунаас эхэлж байна вэ?

-Энэ талын эрхзүйн шинэчлэлийг хийж эхэлсэн. Тодруулбал, ББСБ-ын үйл ажиллагааны тухай хуулийг УИХ-д өргөн барихаар Засгийн газраас саналаа аваад бэлэн болсон. Энэ хуулийн дагуу ББСБ-ын үйл ажилагааг зориулалт,  чиглэлээс нь хамаарч дотор нь 4 ангилж байгаа. Жишээ нь, валютын арилжаа эрхлэгчдийг ББСБ гэдэг ангиллаас тусад нь авч байгаа. Ер нь ББСБ-ыг зээлийн, хөрөнгө оруулалтын, факторингын гээд тодорхой үйл ажиллагааны чиглэлээр нь ангилж өгч байгаа. 

Мөн бид Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг гаргуулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Гэхдээ энэ хуулийн төслийг буцаан татаад байгаа. Энэ дотор “Мөнгө хүүлэлт” гэдэг үгийг анх удаа оруулж өгсөн. Мөнгө хүүлэлт гэдгийг шинж чанараар нь хуулийн төсөлд тодорхойлж өгсөн. Дээрээс нь маргаан таслах омбудсмэний хэлбэрийг зохицуулагч байгууллага, салбарын оролцогчтой хамтраад оруулсан. Ийм хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж, боловсруулах болон хэлэлцэх шатандаа явж байгаа. Энэ хуулиуд гарснаар салбарын зохицуулалт харьцангуй ойлгомжтой, тодорхой болох юм.

-Зээлийг чанаржуулах, хүртээмжтэй болгох хүрээнд юу хийж байна?

-Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах бол бидний нэн тэргүүний зорилго. Нөгөө талдаа бас иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах, ялангуяа санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсрол муу, тааруу байгааг далимдуулж хүчээр бүтээгдэхүүн, үйлчилгээ тулгадаг, шахдаг байдлыг зохицуулах ажлыг хийж байна. 

-Зохицуулалтаас гадна хөрөнгө, санхүүгийн зах зээлд ААН-үүдийг бүртгэхээс эхлээд үйл ажиллагааг шинэчилж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Үйл ажиллагаан дээр ч гэсэн хорооноос үндэсний үйлдвэрлэгч компани, ААН-үүдийг хөрөнгө, санхүүгийн зах зээлд гарахад тодорхой бодлогоор дэмжиж байгаа. Энэ талын бүртгэлийн ерөнхий журмыг олон улсын стандартад нийцүүлж 2 ангилсан. Өөрөөр хэлбэл, хувьцааны бүртгэл, өрийн хэрэгслийн бүртгэл гэж байгаа. 

-Өрийн хэрэгслийн бүртгэлийг онцгойлж ялгадаг нь ямар онцлогтой вэ?

-Энэ нь хөрөнгийн зах зээлд андрайтеруудын үүрэг оролцоог илүү идэвхтэй болгож байгаа. Мөн өрийн хэрэгслийн бүртгэлийг хялбаршуулсан байдлаар ялангуяа үндэсний үйлдвэрлэгч нарт боломж олгох байдлаар өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар МҮХАҮТ хамтран тодруулдаг ТОП-100 ААН-д багтсан байх юм бол тухайн компанийг ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр бүртгэх, хялбаршуулсан байдлаар богино хугацаанд бүртгэх журмаар зохицуулахаар болсон.

Үүнтэй холбоотойгоор ААН-үүдэд банкны зээлтэй өрсөлдөхүйц санхүүжилтийн эх үүсвэрийг татах бололцоог нь нээж өгч байгаа. Хугацааны хувьд ч гэсэн хөнгөвчилж ажил маш их багассан. Энэ боломжийг ашиглаад Монголын ААН-үүдээ хөрөнгийн бирж дээр гаргах, хувьцаагаа санал болгохоос өмнө магадгүй өрийн хэрэгслээ гаргах богино хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг татах боломж бололцоог СЗХ-ноос нээж өгч байгаа юм. 

-Хөрөнгийн зах зээлтэй холбоотойгоор компаниудын үйл ажиллагааг илүү тодорхой болгох заалтыг УИХ-ын намрын чуулганаар мөн хэлэлцэнэ гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай гэсэн манай салбарын зохицуулалттай холбоотой гол хуулиуд байгаа. Энэ хуулиуд дээр Засгийн газар, Сангийн яамтай хамтарч ажиллаж байгаа. Холбогдох ажлын баг гаргаад хуулиудын төслүүдийг бэлэн болгоод өмнөх Засгийн газрын үед үзэл баримтлалыг нь батлуулсан юм. Дахиж бид шинэчлэн батлуулах шаардлагатай байгаа.

Зохицуулалтын дагуу ялангуяа, хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний орон зайг нэмж өгч байгаа. Дээрээс нь бүртгэлийн үйл ажиллагааг тодорхой болгож өгөх заалтуудыг нэмж оруулж байгаагаараа онцлог юм. Энэ намрын чуулганд өргөн бариад хэлэлцүүлээд батлуулна гэсэн бодлоготой ажиллаж байгаа. 

Related news