Канье Уэстийн шинээр танилцуулсан малгайтай цамцны цуглуулга хэдхэн цагийн дотор зарагдаж дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-01 14:45:43

САН-ФРАНЦИСКО. /Bloomberg/. АНУ-ын жижиглэн худалдааны “Gap Inc.” сүлжээ компани, рэпер Канье Уэстийн “Yeezy” брэндтэй хийж буй хоёр дахь хамтын ажиллагааны хүрээнд шинээр гаргасан малгайтай цамцны цуглуулгаа танилцуулжээ.


Уг цуглуулга нь зургаан өнгөний сонголттойгоор гарсан бөгөөд урьдчилсан захиалга хийх боломжийг АНУ-ын хэрэглэгчдэд олгосон байна. 90 ам. доллароор худалдаалагдсан уг цамцыг хоёроос найман долоо хоногийн хугацаанд хүргүүлэн авах боломжтой юм.





Түүнчлэн урьдчилсан захиалга нээгдсэнээс хэдхэн цагийн дараа цамцны бүх хэмжээ зарагдаж дууссан байна. Үүнтэй холбогдуулан жижиглэн худалдааны “Gap” сүлжээ компанийн хувьцаа лхагва гаргийн байдлаар 6 хүртэл хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.  


Өнгөрсөн оны зургаадугаар сард  “Yeezy”, “Gap” брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дахин боловсруулсан материалаар хийсэн хүрмээ анх олон нийтэд танилцуулсан бөгөөд 200 ам.доллароор зах зээлд худалдаалагджээ.


Энэ удаагийн цуглуулга нь “Yeezy”, “Gap” брэндүүдийн хамтран гаргасан хоёр дахь бүтээгдэхүүн болж буйгаараа онцлог юм. Үүний зэрэгцээ Канье Уэст эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд зориулсан хувцасны загвар зохион бүтээх, борлуулах 10 жилийн гэрээг өнгөрсөн онд тус сүлжээ компанитай байгуулжээ.


“Хамтын ажиллагаа нь Сан-Франциско хотоос гаралтай “Gap” сүлжээ дэлгүүрийг худалдан авагчдын дунд илүүтэйгээр таниулахад тусална гэж найдаж байна” хэмээн “Gap Inc.” сүлжээ компанийн удирдлагууд мэдэгджээ.

 

 

Related news