Монгол Улс цөлжилттэй тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-11 11:25:48

УЛААНБААТАР. /Xinhua/. Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснээр цөлжилттэй тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлж байна.


Ням гарагт Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагын ажилтнууд болон дотоодын олон салбарын төлөөлөгчид нийслэл Улаанбаатар хотын Налайх дүүрэгт мод тарин хөдөлгөөнд нэгджээ. 


“Мод тарих үндэсний хөдөлгөөн нь монголчуудад төдийгүй дэлхий дахинд ач холбогдолтой юм. Монгол Улс, Монголын ард түмэн энэхүү хөдөлгөөнөөрөө дамжуулан хүн төрөлхтний сайн сайханд хувь нэмэр оруулна гэдэгт миний бие итгэж байна” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйл ажиллагааны үеэр цохон тэмдэглэв.


Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс тэрбум мод тарих хөдөлгөөн эхлүүлэх гэж буйг У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр мэдэгдсэн бөгөөд “Тэрбум мод” хөдөлгөөнийг 10 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор эхлүүлсэн юм.


“Монголоос үүсэлтэй шар шороон шуурга БНХАУ, БНСУ, Япон зэрэг улс орнуудыг дайран өнгөрч, эрүүл мэнд, экосистем, эдийн засагт хохирол учруулж байна. Монголын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртөөд байна. Иймд бид цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх хэрэгтэй байна” гэж У.Хүрэлсүх хэлжээ. Мөн тариад орхих бус арчиж тордон ургуулах нь чухал гэдгийг онцлов.  


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйн хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг Монголын ирээдүй хойч үе төдийгүй дэлхий нийтийн төлөөх сайн санаачилга хэмээн өндрөөр үнэлээд, БНХАУ цөлжилттэй тэмцэх чиглэлд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн юм.


Мөн Монголын томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан үндэсний хөдөлгөөнд нэгдэж буйг Ерөнхийлөгч хэлэв. Тухайлбал, Монголын төрийн өмчит уул уурхайн компаниуд болох Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой тус тус 100 сая, 180 сая мод тарьж ургуулахаар болжээ.


Монгол Улс тэрбум мод тарих зорилтдоо товлосон хугацаандаа хүрэхийн тулд жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэгээс багагүй хувийг зориулах төлөвтэй байна. 

Related news