“Дээлтэй Монгол” наадамд үндэсний хувцсаараа гоёхыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж буй “Дээлтэй Монгол" наадам энэ сарын 10-нд 16.00 цагаас Чингисийн талбайд болно.
Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ. Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна.
Наадамд дотоодын загварын шинэ брэнд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцийн нэгдсэн загварын үзүүлбэрээс гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулах юм.
Мөн нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах бөгөөд оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шалгаруулна.
Энэ үеэр Чингисийн талбайд төрөл бүрийн соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцож амралтын нэг өдрийг Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж өнгөрөөхийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас уриаллаа.
Ж.Болор